ДУНДГОВЬ: “Хамтдаа хөгжье” орон нутгийн санаачилгын төслийн үр дүнг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-07-01 16:34:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХҮГ-аас “Хамтдаа хөгжье” орон нутгийн санаачилгын төслийн хаалтыг ажиллагааг “Халамжаас-Хөдөлмөрт" уриан дор зохион байгуулав.

Тус үйл ажиллагаад Монголын тариаланчдын нэгдсэн холбооны тэргүүн, хөрс судлалын доктор Б.Ундрах-Од, Биологийн ухааны доктор Н.Хэрлэнчимэг, Говь-Угтаал сумын Засаг дарга Ө.Мөнх-Амгалан, Баянжаргалан, Эрдэнэдалай сумын төлөөлөл, Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн гишүүд, төслийн зорилтот иргэд, зохион байгуулагчид, ажил олгогчид оролцжээ.

Орон нутагт иргэдийн амьжиргааг дэмжих, халамжийг бууруулж, орлоготой болгохын тулд ажилгүй иргэдийг ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслах, тэдний мэдлэг чадварыг тодорхойлж, чаддаг ажлыг нь хийлгэхийн чухлыг төслийн багийнхан олж харсны үндсэн дээр тус төслийг боловсруулж, Дэлхийн банкнаас дэмжжээ.

Төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэх сонирхолтой, өөрийгөө олж нээж чадаагүй, мэдлэгтэй, чадвартай иргэдийг олж, илрүүлэн, ажлын байранд зуучлах, тэднийг ажил олгогч нарт танилцуулах нь чухал байсан бөгөөд энэ ажлыг гүйцэтгэх баг хамт олныг бэлтгэсэн байна. Тодруулбал, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох 15 сургагч багш, зөвлөхийг бэлтгэж, тэдгээрийн тусламжтайгаар ажилгүй 30 иргэнийг сонгон, 20 иргэнийг ажлын байранд зуучилж, 10 иргэний хувиараа бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжин, ХХҮХ-ийн санхүүгийн дэмжлэгт хамруулжээ.

Ажил олгогч болон ажил хайж байгаа иргэдийн дунд байгаа бэрхшээл, асуудал нь ердөө л харилцаандаа байдаг юм байна хэмээн төслийн зохицуулагч С.Нандинтуяа онцолсон юм. Өөрөөр хэлбэл удаан хугацаанд ажил эрхлээгүй иргэд өөрсдийгөө нээж, бусдад мэдлэг, чадвараа харуулж, танилцуулж, чадахгүй, ажил олгогч нар ч тэдний үнэ цэнтэй зүйлийг олж харж, сонгож авч чадахгүй байгаад тэрээр сэтгэл эмзэглэж байгаагаа дурдсан.

Төслийн хоёр дахь үйл ажиллагаа нь Сайнцагаан суманд Хүнсний ногоо тариалалтын өртгийн сүлжээг хөгжүүлэх үйл ажиллагаа байсан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд хүнсний ногооны зах зээлийн судалгааг хийж, эрэлт хэрэгцээг тодорхойлсон байна. Судалгаагаар тус сумын хэмжээнд хүнсний ногооны эрэлт хангалттай байгаа төдийгүй, түүнийг хэрхэн хангах тал дээр хэлэлцэн, шийдвэр гаргах байсан гэдгийг төслийн багийнхан танилцуулсан юм.  

Судалгааны үр дүнд “Хамтдаа шийдье” Дундговь аймгийн ногоочдын анхдугаар уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, тулгамдсан асуудлаа тодорхойлон, тариалан эрхлэгчдийг дэмжих санал гарган уриалга дэвшүүлсэн аж.

Тус төслийн үр дүнд Говь-Угтаал, Баянжаргалан, Эрдэнэдалай сум “Эко сум” болох зорилт тавин ажиллаж байгаа ажээ. Энэ нь сумдад ажлын байрыг нэмэгдүүлэх, цаашдаа сумын хүн амыг эрүүлжүүлэх чухал ач холбогдолтойг уулзалтын үеэр танилцуулж, харилцан санал солилцсон юм. 

Холбоотой мэдээ