Австралийн Холбооны Улсын Амбан захирагч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-07-17 12:07:12
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Австралийн Холбооны Улсын Амбан захирал Дэвид Хөрли мэндчилгээ дэвшүүлжээ.


МЭНДЧИЛГЭЭНД:

“Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойг тохиолдуулан Австралийн Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Танд болон Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.


Австрали Улс Монгол Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, уул уурхай, боловсролын салбарт тууштай өргөжин хөгжиж ирсэн. Монгол Улсын бахархалтай “гуравдагч хөрш”-ийн хувьд бид иргэд хоорондын бат бэх хэлхээ холбоо, улс төрийн харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад талархалтай байдаг болно. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиож буй бөгөөд манай хоёр улсын харилцаа жилээс жилд улам бэхжиж ирсэн билээ.


Хоёр улсын найрсаг харилцаа ирж буй он жилүүдэд өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна” гэсэн байна.

Холбоотой мэдээ