Улаанбурхан өвчнөөр хэвтэн эмчлүүлж буй өвчтөн байхгүй

Монголын мэдээ | Эрүүл мэнд
gantuya@montsame.mn
2016-08-11 13:10:51

Эрүүл мэнд, спортын яамны шуурхай удирдлагын төвөөс Монгол Улсын хэмжээнд сүүлийн долоо хоногт гарсан өвчлөл болон гэмтэл, ослын талаар мэдээллэв. 

Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 25 нэгжүүдэд өнгөрөгч долоо хоногт нийт 111,169 хүн үйлчлүүлсний 1.9 хувь нь  томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон бөгөөд томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд бага байна гэж дүгнэжээ.

ГССҮТ-д өнгөрсөн долоо хоногт 1450 хүн хандсаны 26 хувь нь 0-15 насны хүүхэд байсан бөгөөд 15 хувь нь хэвтэн эмчлүүлж, 0.2 хувь нь нас баржээ. Гэмтсэн иргэдийн 21 хувь нь зам тээврийн ослоо, 26 хувь нь уналт, 15 хувь нь амьгүй механик хүчинд өртсөн нь зонхилох шалтгаан болж байгаа аж.

Харин Улаанбурхан өвчний тархалт буурч, энэ өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж буй өвчтөн ХӨСҮТ-д одоогоор байхгүй байна.  Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д энэ улмаас 6 хүн ханджээ.

Нийслэлийн яаралтай тусламжийн төвд өнгөрсөн өдрийн байдлаар 3576 удаагийн холболт хийгдсэнээс 938 яаралтай дуудлаганд үйлчилсэн байна. Үүнээс насанд хүрэгчдийн 859, хүүхдийн дуудлага 79 дуудлага байсан бөгөөд 294 хүүхдийн дуудлаганд утсаар зөвлөгөө өгчээ. Осол, гэмтлийн шалтгаант дуудлага 83, төрөх дуудлага 61 байжээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ