УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-07-22 14:21:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдааны тэмдэглээс үргэлжлүүлэн танд хүргэж байна.


Р.Гончигдорж:-Асуулт маань ард нийтээр хэлэлцүүлсэн үр дүнг сонирхсон байдалд чиглэнэ гэж найдаж байна. Яагаад вэ гэвэл бусад асуудлууд зүйл зүйл дээрээ гараад ирнэ гэж бодож байна. Түгээмэл асуулттай хүн байвал сонсъё.

А.Болат:- Засгийн эрх, төрийн эрх гэсэн хоёр томьёолол 3 дугаар зүйл дээр байна. Энэ хоёр томьёоллын ялгаа юу байна вэ?

Б. Чимид:- Засгийн эрх гэдэг нь өргөн эрх. Засгийн эрх гэдэг бол төрийн ч байна, олон нийтийн ч байна . Аливаа эрх мэдэл ард түмэнд байна гэсэн утгатай. Нэг нь бүх засаг гэсэн утгатай, нэг нь төрийн засаг гэсэн утгатай, их бага хоёр ухагдахуун. Д.Пүрэв:- Ариун цагаан цэцэг гэж 12 дугаар зүйлийн 3-т байна шүү дээ.

Р.Гончигдорж:-Ерөөсөө 4 дүгээр зүйлийг бишээ, бэлгэ тэмдэг дээр хэлж байна даа. Саналаа шууд хураагаад, дараа нь цөөнхөө сонсоод түрүүнийхээ зарчмаар явъя. Нэгдүгээр зүйлийг.....

Танхимаас-Даргаа редакцын чанартай жижигхэн санал хэлж болох уу?

Р.Гончигдорж:- Санал хураахаас өмнө заавал санал хэлэх хүн байна уу?

С. Товуусүрэн:-Цөөнхөөс гарч ирээд юм олонх руу орно гэдэг маш хүнд болж байна шүү. Эхлээд ярих нь зөв байх шиг байна.

Р.Гончигдорж:-Ойлгомжтой болсон зүйл дээрээ санал хураачхаад цөөнхийн санал сонсъё. Олонхоос санал байвал дараа нь сонсож явъя. Ийм горимоор явъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 23, 58.97 хувь,
  • татгалзсан 14, 35.90 хувь,
  • түдгэлзсэн 2, 5.13 хувь, олонх нь дэмжиж байна. Засварлаж орж ирээд үргэлжлүүлье. /11:20-иос хурал үргэлжлэв/

Р.Гончигдорж:- Нэгдүгээр зүйл дээр эхлээд зарчмын товч саналуудаа сонсъё.

Т. Очирхүү:-Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамдах улс гэдэг дээр иргэнлэг улс гэсэн юмыг нэмж өгье. Шашин төрөөсөө тусгаар, шашнаа хүндэлсэн светски улс гэж шашны тухай хууль хэлэлцэж байхад ярьж, хэлсэн. Энийг оруулах санал оруулж байна.

Д. Балдан-Очир:- Ардчилсан ёс, шударга ёс хоёр бол аль аль нь биендээ илүү багтаад байх шиг санагдаад байгаа юм. Миний ойлгож байгаагаар магадгүй шударга ёс хэмээвэл. Энийг комисс тайлбарлаж өгөхгүй юу?

Ж. Амарсанаа /Хууль зүйн сайд/:-Бие биедээ багтахгүй хоёр өөр ойлголтыг тэгж хутгаж болохгүй байх гэж хэлмээр байна.

Х. Пүрэвдагва:- Нэгийн хоёрт төрийн эрхэм дээд зарчим гэж гаргаж ирж л дээ. Эрхэм дээд зарчим гэхээрээ яадаг юм. Зарчим гэвэл үйл ажиллагааны хэм хэмжээ гэж ойлгодог. Төрийн хэм хэмжээ юу аль эсвэл эрхэм дээд гэхээрээ арай өөр юм болж байна уу?

Б.Чимид:- Оршил бол тунхаглалын чанартай. Зүйлүүд бол хэм хэмжээний чанартай. Тийм учраас зүйл дээр бид бол хуучин төсөл дээр улсынхаа нэгдүгээр тодорхойлолтод тэр ардчилсан гээд олон юм хийсэн л дээ. Хууль цаазат, ардчилсан, тэр Очирхүүгийн хэлж байгаа иргэнлэг гэдгийг хэлсэн. Тэгэхээр улсын тодорхойлолтод тийм олон юм шавчихаар эвгүй болж байгаа учраас цувуулаад, ер нь зарчмаа бид хассан байгаа. Зарчим гэдэг бол тодорхой хэм хэмжээний чанартай байдаг гэж сая ярилаа. Тэгэхээр манай төрийн байгууллага зохион байгуулагдах үйл ажиллагаа явуулахад нийтээр нэгэн адил дагаж баримталж байх журмалсан гол үзэл байгаа юм. Үзэл баримтлал. Ер нь бид зарчмаа гээгдүүлсэн төсөл гаргасан гэж хэлж болно. Хуучин бол төвлөн удирдах ардчилсан зарчим ч гэдэг юм уу ийм юмнууд байсан. Хууль ёсыг сахих ч гэдэг юм уу, төлөвлөгөөт зарчим ч гэдэг юм уу. Ийм юм байсан. Одоо бид зарчмаа өөрчлөөд, энэ хэдийг хэлээд байгаа юм. Эрхэм дээд гэдэг үгийн тухайд оноогүй байж магадгүй. Өөрөөр хэлбэл тунхгийн чанартай хэлчихсэн байж магадгүй, ер нь бол хууль зүйн утгаараа энэ үндсэн зарчим гэсэн үг. Салбар зарчмууд гарна гэдгийг бас мэдэж байгаа. Үндсэн зарчмыг ингээд хэлчихсэн юм л даа. Модон үгийг жаахан модон үгээр яриад байна гэхээр зарим боломжтой газар нэг ийм хаялга тавьсан юмнууд бий. Тэр их ажиглагдаж байгаа бол би зүйтэй гэж бодож байна.

Г. Зуунай:- Гарчиг дээр тусгаар тогтнол гэдэг үг нэмчихмээр байна. Тэгэхээр энэ нэгдүгээр зүйлийн нэгд нэгдмэл улс гэж хиймээр байгаа юм. Тэгэх юм бол хоёрдугаар зүйлийн нэг хасагдмаар. Нэгдүгээр зүйлийн хоёрдугаар зүйл жаахан ойлгомж муутай байна. Ардчилсан ёс, шударга ёс гээд олон ёс давхцаад байна. Эрхэм дээд зарчим гэж. Зарчим гэж ерөөсөө хэлмээргүй юм шиг санагдаад байх юм. Үндэстний эв нэгдлийг хангах нь төрийн гол үүрэг биш юм байгаа даа. Ерөөсөө хуулиа эрхлэн сахих, ардчилал шударга ёс, хүний эрх, тэгш байдлыг хангах нь төрийн үүрэг биш юм уу. Би бол зарчим биш, төрийн үндсэн үүрэг гээд хэлчихвэл болохгүй юм болов уу гэсэн саналтай байна.

С.Баярцогт:- Нэг л юм дээр дахиж хэлмээр байна. Бүгд найрамдах улс гэдгийн урд талд заавал тодотгол байх ёстой байна. Парламентын бүгд найрамдах, би юунд эргэлзээд комиссоос асуух гээд байна вэ гэвэл бүгд найрамдах улс гэж энд хийчхээд хойд талдаа аваачаад Ерөнхийлөгчийг сонгох энэ тэр юман дээр дандаа Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсын хандлага байгаа юм. Ард түмнээс дийлэнх авчихвал шууд яваад өгнө гэсэн нэг тийм юм Ерөнхийлөгчийн сонгууль дээр байгаа шүү дээ. Ерөнхийдөө парламентынх л даа. Тэгэхдээ сонгуулийнхаа зарчмаар нэг юм байгаа. Тэрэнтэй уялдуулж комиссоос аль тал руугаа бодож бүгд найрамдах улс гэдгээ бичсэн юм бэ? Анхны хэлэлцүүлэг дээр парламентын бүгд найрамдах гэж шууд бичсэн дээр байх, улсууд шууд заачихсан байдаг шүү дээ. Парламентын монарх гээд Ерөнхийлөгчийн засаглал, Ерөнхийлөгчийн бүгд найрамдах гээд ийм саналтай байна.

Б.Чимид:-Миний үзсэн хуулиудаас Грек бол парламентын дэглэмтэй гэж хэлсэн байгаа юм. Бусад нь голдуу хэлээгүй. Би хэлсэн юмыг нь сайн мэдэхгүй байна. Бүрэн эрхт байдлыг тусгаар тогтнол гэж хийж болох юм. Гэхдээ суверенитет үндсэндээ багтах болов уу гэж бодсон юм. Тусгаар тогтносон байдал гэхээр нэг их урт болчих гээд байгаа юм. Баярцогт гишүүний асуулт болсон байхаа. Парламентын бүгд найрамдах улс гэдэг чиглэлээр хууль бичсэн. Гэхдээ энд ганцхан хэмжүүр бий. Эцсийн эцэст засгийн дээд эрх мэдэл хаанаас үүсэж байна вэ гэж. Энэ ард түмэн парламент хоёр байгаа юм. Парламентаас бүх юм үүсэж гарч байгаа юм. Энийг нэлээн шүүмжилж байна билээ. Хэвлэл дээр. Засгийн бүх эрх, зөвлөлүүд энэ тэр гээд. Тэр тийм учраас ард түмэнд нь засгийн бүх эрх гэдгээр хийсэн юм. Парламентын бүгд найрамдах улс мөн гэж одоо санал хураахад болохгүй юм байхгүй л дээ. Ер нь концепци нь ерөөсөө парламент, бүх юм парламентаас гарч байгаа шүү дээ.

Ж. Амарсанаа:- Зуунай гуайн хэлдэгт төрийн үүрэг биш юм, удирдлага болгох үзэл санаа юм байгаа юм. Зарчим гэдэг бол. Эрхэм дээд гэдэг бол. Чимид даргын хэлдгээр үндсэн гэдгээр хэлж байгаа юм. Шүүн таслах ажиллагааны зарчим гээд ард тусгай зарчмууд бий. Удирдлагын зарчим гээд өөр зарчим байгаа. Энэ үндсэн гол зарчмуудаа хэлж байгаа юм. Удирдлага болох үзэл санаа л гэсэн утгаар орж байгаа юм. Парламентын хувьд бол зөвхөн Испанийн хуулийн нэгдүгээр зүйл дээр л парламентын Хаант улс гэж байдаг, бусад улсад ийм юм алга байна. Бүгд найрамдах улс гэдгээ тодотгосон ийм л хэлбэр. Парламент гэдэг нь ард байгаа учраас энд.../ кассет дуусав 71/ төрийн зохин байгуулалт үйл ажиллагаа, нэгдүгээрт төр зохион байгуулагдах, яаж үүсэн эмхлэн байгуулагдах уу? Хоёрдугаарт ямар үйл ажиллагаа яаж явуулах вэ гэдэг утгаар ярьж байна. Ийм учраас ардчилсан ёс гэдгийг ардчилал гэдэг үгээр сольж болохгүй. Энэ хоёр өөр ойлголт.

Д. Маам:- Амарсанаа сайдаа зарчим гэдэг үгийг үзэл санаа гэдгээр оруулж болохгүй юу?

Б. Чимид:-Нөгөө үзэл бодол руугаа явчихна шүү дээ. Тэгэхээр намын үзэл санаа гээд явж болно. Өөрөөр хэлбэл цаашаа задарна, зарчим гэдэг бол нэг их болохгүй үг биш юм л даа. Зуунайгийн асуулт зөв юм л даа. Энэ хэний зарчим болох вэ гэхээр төрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим. Тэгээд хэн хэрэгжүүлэх вэ гэхээр төрийн бүх байгууллага, төрийн бус албан тушаалтан төрийн бус албан хаагчийн үйл ажиллагаандаа баримтлах л болоод явчихна. Тэр утгаар яригдаж байгаа юм.

Г. Зуунай:-Шууд хийгээд өгвөл яасан юм бэ? Төрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим гээд.

Б. Чимид:- Тэгж тодруулах хэрэг байвал одоо болох л юм. Явцуу болчхож магадгүй л дээ. Байгууламжийн асуудал байна. Зохин байгуулалтын асуудал байна. Үйл ажиллагааны асуудал байна. Арга барилын асуудал байна. Тэгээд л яваад өгнө л дөө.

Р.Гончигдорж:- Санал хураалтдаа орвол яасан юм э?

Г. Зуунай:- Амарсанаа сайдаас асуудлаа тодруулъя. Та их итгэлтэй ерөөсөө сольж болохгүй гэж байна. Ардчилал, ардчилсан ёс хоёр их ялгаатай юу?Тэрийгээ надад тайлбарлан ойлгуулахгүй юу?

Ж. Амарсанаа:- Ардчилсан ёс гэдэг бол тэр үзэл санаа гэсэн утгаараа тайлбарлагдаж ойлгогдож байна л даа. Ардчилал гэдэг бол үүнээс харьцангуй өргөн утгатай, бодит байдал гэсэн илэрхийлэл юм. Шууд ардчилал, төлөөлөлтийн ардчилал, хэлбэрүүд, сонгууль гэдэг янз бүрийн, хурал гэдэг хэлбэрээр бодитойгоор илэрхийлэгдэх зүйл учраас ёс гэдэг юмнаасаа ялгагдах болов уу гэж ойлгож байна.

О. Очиржав:- Үндсэн хуулийнхаа нэгдүгээр зүйлд манай улс ямар улс вэ гэдгийг тодорхойлж өгөх ёстой гэж бодож байгаа. Түүнээс биш хольж хутгаад төрийн зарчим, төрийн үүрэг гэж ингэж өөр зүйл рүү оролгүйгээр, нэгдүгээр зүйлд Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс мөн гэдгийг хэлж өгье. Хоёрдугаарт нь Монгол Улс төрийн удирдлагын, удирдлага гэдгийг дэглэмийн гэж хэлж болно. Чимид даргын хэлж байгаар бол, төрийн удирдлагын хувьд парламентын бүгд найрамдах улс, төрийн байгууламжийн хувьд нэгдмэл гэдэг үгийг цул гэх юм уу, нэгдмэл гэхээр чинь нөгөө юнайтэд гэдгээр ойлгогдож байна уу үгүй юу. Ийм тодорхойлолтыг улсдаа өгье. Түүнээс бус төрийн дээд эрхэм зорилт гээд өөр зүйлийг ийш нь чихэж оруулмааргүй санагдаад байх юм.

Д. Лүндээжанцан:- Нэгдүгээр бүлгийн 3 зүйлийг бүрэн дүүрэн дэмжиж байна. Энэ гурван зүйл бол төрийн удирдлагын хэлбэр, төрийн дэглэм, төрийн байгууламжийн хэлбэр яг ингээд системтэй тодорхой бие биеэс нь ургуулаад аваад үзсэн, тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамдах улсаа хэлээд, дараа нь дэглэмээ хэлээд тэгээд байгууламжаа хэлээд дараа нь парламентын бүгд найрамдах улс гэдгээ гуравдугаар зүйлд нь хэлээд нэг нэгнээсээ уялдаж гарсан юм шиг байх юм. Зарчим гэдэг бол нэгэнт тогтсон үйл ажиллагаанд баримталж байгаа үзэл санааны нийлбэр цогц утгаар нь бид ойлгодог. Нэг нэгнээсээ урган гарсан иж бүрэн цогцолбор юмыг салгаж болохгүй. Энийг тайлбарлавал бүрэн боломжтой юм байна гэсэн санаа байна.

Р. Хатанбаатар:-Очиржав гишүүний саналыг дэмжиж байна. Миний бодол юу вэ гэхээр гуравдугаар зүйлийн нэг дүгээр хэсгийг нэгдүгээр зүйлдээ авчиръя Энэ дээр энэ санаагаа илүү тодруулж хэлж болно. Парламентын гэдэг маягаар нь бол.

О, Очиржав:- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 5 дугаар бүлэг заалт зүйл оруулсан байгаа. Тэнд парламентын бүгд найрамдах улсын хэлбэрийг хөндөж болохгүй. Хэрэв түүнийг хөндөх юм бол шинэ Үндсэн хууль гарах ёстой гэж. Ийм заалт оруулах үүднээсээ ингэж холбож өгөхийг бас хүсэж байгаа юм.

Р.Гончигдорж:- Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс мөн. Монгол Улсын төрийн удирдлагын дэглэм хаалт дотор парламентын бүгд найрамдах улс Төрийн байгууламжийн хувьд цул байна гэж нэгдүгээр зүйлийг бүхэлд нь ингэж сольё гэсэн санал дэвшүүлсэн Энэ саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 21,
  • татгалзсан 14,
  • түдгэлзсэн 4 , олонхын саналыг авч байна. Цөөнхийн саналыг сонсъё.

Ц. Өөлд:- Үндсэн хуульдаа парламентын улс гээд шууд заачихаар хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгчийн удирдлага, Ерөнхийлөгчийн засаглал гэж буруу ярьдаг тийм хэмжээнд гарч ирэх юм бол Үндсэн хуулиа дахиад өөрчлөх хэрэг болно. Парламентын улс гэдэг нь гуравдугаар зүйлээрээ явж байгаа. Ийм учраас нэгдүгээр зүйлийг хэвээр нь байлгавал яасан юм бэ? Ялангуяа парламентын улс гэдэг дээр ерөөсөө Ерөнхийлөгчийн засаглалтай улс болоод гарах тийм шаардлага гарч ирэх юмнууд нээлттэй байх утгаараа заавал энд тэгж хэлэх хэрэггүй болов уу гэж бодож байна.

Д. Лүндээжанцан:- Нэгдүгээр зүйл оруулж өгснөөрөө парламентын бүгд найрамдах улсын шинжид их товойж харагдах юм гэж би ойлгохгүй байна. Гуравдугаар зүйл дээр бүх эрх ард түмнээс үүсмэл, ард түмнийг төлөөлсөн төлөөлөгчийнхөө байгууллагаар уламжлан засгийн эрх барина бүгд найрамдах улс байх санаагаа дэлгэрүүлээд өгвөл боломжтой. Тэрнээс биш бүгдийг нэг зүйлд аваачаад нийлүүлээд хийчих нь зохимжоор ямар байдаг бол? Энэ төслийн ололтой тал их аятайхан хэлбэрээр томьёологджээ гэж үзэж байна. Ийм учраас заавал нэг газар бүгдийг овоолох хэрэггүй байх.

С. Төмөр:- Нэгдүгээр зүйл төрийн мөн чанар, түүний хөгжлийн чиг хандлага, зарчмын тухай асуудал байгаа. Хоёр дахь нь энэнээс үүсэлтэй, тэгэхдээ өөрийн гэсэн зүй тогтоолоор явдаг, төрийн байгууламжийн тухай асуудал байдаг. Энэ бол манай төрийн эрх зүй буюу үндсэн хуулийн эрх зүй гэж ярьдаг шинжлэх ухааны нэг гол томоохон бүлэг асуудал болж явдаг хоёр дахь асуудал. Гурав дахь асуудал бол төрийн засаглал гэж хэлдэг төрийн удирдлагын хэлбэрийн тухай дээрх хоёроосоо үүсэлтэй боловч өөрийн гэсэн зүй тогтолтой, өөрийн гэсэн хуультай бас нэг өөр гурав дахь асуудал болж. Бусад асуудлын хувьд бол Үндсэн хууль өөрчлөгдөх шинэ Үндсэн хуулийн тухай ярьж байна л даа. Хэрэв парламентын удирдлагын хэлбэртэй улс байгаад, Ерөнхийлөгчийн удирдлагын хэлбэртэй улс бол Үндсэн хууль бүхэлдээ өөрчлөгдөхгүй. Энд бол тодорхой хэсэг нь өөрчлөгдөнө. Удирдлагын хэлбэр өөр байдалтай болно. Энэ юуг харуулж байна вэ гэхээр нэг, хоёр, гуравдугаар зүйл маань өөр юм шүү гэдэг утгаар хэлж байгаа санаа.

Р. Гончигдорж:- Цөөнхийн болон комиссын зарим гишүүдийн саналыг сонслоо. Нэгдүгээр зүйлийг эрхэм гишүүн Очиржавын томьёолсоноор солих гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 12, 32.45 хувь,
  • татгалзсан 22, 59.46 хувь,
  • түдгэлзсэн3, 8.11 олонхын дэмжлэг авахгүй байна.

Р. Гончигдорж:-Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал гэж өөрчилж нэрлэе гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 13,
  • татгалзсан 20,
  • түдгэлзсэн 4 олонхын дэмжлэг авахгүй байна.

Р. Гончигдорж:- нэгдүгээр зүйлийн нэг иргэнлэг гэж нэмэх Очирхүү гишүүний саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 6, 16.22 хувь,
  • татгалзсан 27, 72.97 хувь,
  • түдгэлзсэн 4, 10.81 хувь, олонхын дэмжлэг авахгүй байна.

Р. Хатанбаатар:- Очиржав гишүүний санал дээр эхлээд дэмжлээ., дараа нь эсэргүүцлээ. Өөрөөр хэлбэл асар их ийм савлагаа гарч байна. Энийг бас бодолцоорой. Энд цөөхөн хүн байгаа учраас саналын тогтвортой статус үүсэж өгөхгүй савлаад байна шүү.

Р.Гончигдорж:- нэгдүгээр зүйлийг байгаагаар нь үлдээх саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 23,
  • татгалзсан 10,
  • түдгэлзсэн 5 байна.

Р.Гончигдорж:- парламентын дэглэмтэй гэдгийг тодотгож оруулъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 16, 42.1 хувь,
  • татгалзсан 18, 47.37 хувь,
  • түдгэлзсэн 1, 10.53 хувь, олонхын дэмжлэг авахгүй байна гэжээ.

 

Үргэлжлэл бий.                                                                     Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж

Холбоотой мэдээ