Израилаас 1850 жилийн настай, Сарны охин тэнгэрийн дүрс бүхий зоос олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-07-26 16:49:23

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. 1850 жилийн тэртээ Ромын эзэн хаан Антонин Пийгийн үед цутгасан Сарны охин тэнгэрийн дүрс бүхий маш сайн хадгалагдан үлдсэн хүрэл зоос Израилаас олдсон тухай тус улсын Эртний эдлэлийн газар мэдээлжээ. 


Онцгой сайн хадгалагдсан энэхүү ховор хүрэл зоосыг Израилын эртний эдлэлийн газраас Хайфа хотын Кармелийн эргийн ойролцоо саяхан хийсэн усан доорх археологийн судалгааны үеэр тэнгисийн ёроолоос олсон байна.


Уг зоосыг эзэн хаан Антонин Пийгийн үед (МЭ 138-161 он) Египетийн Александриа хотод цутгасан бөгөөд ар талд нь Сарны охин тэнгэрийн хөрөг дор Мэлхийн ордны тэмдгийг сийлжээ. Зоосон дээр "Наймдугаар он" гэж сийлсэн байгаа нь Антонин Пийгийн хаанчлалын найм дахь жилтэй (МЭ 144-145 он) тохирч байгаа аж. Энэ нь арван гурван зоосны цувралд багтдаг бөгөөд тэдгээрийн арван хоёрыг нь зурхайн ордуудын тэмдэгтэй цутгасан бол үлдсэн нэг дээр нь зурхайн бүх ордны тэмдэг сийлээстэй байдаг ажээ. 


“Ийм зоос Израилын эрэг орчмоос анх удаа олдож байгаа бөгөөд үндэсний эрдэнэсийн сангийн цуглуулгад бас нэгэн ховор олдвор болж байна” гэж Эртний эдлэлийн газрын далайн археологийн газрын захирал Яаков Шарвит ярьсан байна. 


Холбоотой мэдээ