АНУ-ын ДНБ хоёр улирал дараалан буурчээ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-07-29 12:18:23

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын ДНБ энэ оны хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.9 хувиар буурсан байна. 


Шинжээчид тус улсын ДНБ-ийг хоёрдугаар улиралд 0.3 хувиар өснө гэж таамаглаж байжээ. “Бодит ДНБ буурсан нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, орон сууцны үндсэн хөрөнгө оруулалт, Холбооны улсын засгийн газрын зардал, муж улсуудын болон орон нутгийн засгийн газрын зардал, түүнчлэн орон сууцны бус салбарын үндсэн хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, экспорт болон хувийн хэрэглээний зардлын өсөлтөөс хэсэгчлэн нөхөгдсөн болохыг харуулж байна” гэж АНУ-ын Худалдааны яамны мэдээлэлд тэмдэглэжээ. 


Америкийн олон шинжээч хоёр улирал дараалан үргэлжилж буй эдийн засгийн уналтыг хямралын гол шинж тэмдгүүдийн нэг  үзэж байна. Харин Цагаан ордноос, энэ нь тийм биш бөгөөд Америкийн эдийн засаг хямралаас зайлах болно гэж удаа дараа мэдэгдсэн юм. 


АНУ-ын Сангийн сайд Д.Йеллен долоодугаар сарын 24-нд "NBC" телевизэд ярилцлага өгөхдөө цар тахлын дараах идэвхтэй сэргэлттэй холбоотойгоор АНУ-ын эдийн засаг удааширч байгааг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ сайдын хэлснээр, тус улсын эдийн засаг хямралын үед биш, харин өсөлт гарцаагүй удаашрах өөрчлөлтийн үед байгаа бөгөөд энэ нь өнөөгийн нөхцөл байдалтай тохирч байгаа аж.


Холбоотой мэдээ