ХОВД: 20 мянга орчим хүн ширээний теннисээр хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-17 19:10:23

Ховд /МОНЦАМЭ/. Ширээний теннисний ахмадын улсын аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээн Ховд аймагт эхэллээ.


Энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсын спортын мастер, багш дасгалжуулагч Р.Тэмүүжин, Монгол Улсын гавьяат багш, спортын мастер Т.Лхагваа нарын нэрэмжит болгон зохион байгуулж байна.


Тэмцээнийг “Спортын аварга” дэд хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ, Монголын ширээний теннисний холбоо, баруун бүсийн "Цаст гурван оргил" ширээний теннисний холбоо хамтран орон нутагт анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой.


Тэмцээнд Улаанбаатар хот болон 18 аймгийн 200 гаруй тамирчин оролцож байна. Ширээний теннисний ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээний үйл ажиллагаа нь энэ сарын 18-20-ны өдөр үргэлжилнэ.


Сонирхуулахад, Ширээний теннисний спорт Монголд анх 1950-иад оны эхнээс түгэн дэлгэрч хүүхэд, залуус тоглох болжээ.Улмаар ширээний теннис сонирхогчдын аварга шалгаруулах анхны тэмцээн Монголд 1955 онд болсон аж. Ширээний теннис сонирхож тоглодог хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж байна.  


Одоогоор улсын хэмжээнд ахмад, өсвөр үе гээд нийт 20 мянга орчим хүн ширээний теннисний спортыг сонирхон хичээллэж байгаа. Үүнээс 1000 гаруй нь тогтмол, идэвхтэй, тууштай хичээллэдэг мэргэжлийн тамирчид гэж МШТХ-ны ЕНБД С.Галбадрах хэллээ.  

Холбоотой мэдээ