Ши Жиньпин, В.Путин нарыг “Хорийн бүлэг”-ийн уулзалтад оролцоно гэж мэдэгджээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-08-19 11:37:28

ЖАКАРТА. /Reuters/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх 11 дүгээр сард Бали аралд болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо “Bloomberg” агентлагт пүрэв гарагт мэдээлжээ.


“Ши Жиньпин ирнэ. В.Путин ч мөн ирнэ гэдгээ надад хэлсэн” гэж Ж.Видодо мэдээлсэн байна.


Хятадын Гадаад хэргийн яам энэ талаар тодруулах “Reuters” агентлагийн хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна. Мөн Индонезийн Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгчид энэ тухай хариу ирүүлээгүй байгаа ажээ.


Индонез нь энэ онд “Хорийн бүлэг”-ийг даргалж байгаа бөгөөд Орос Украин руу халдан довтолсонтой холбогдуулан В.Путинд илгээсэн урилгаа буцаах Барууны орнуудын шахалттай тулгараад байгаа юм.


Ж.Видодогийн хувьд дайтаж буй орнуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж, Украин, Оросын төрийн тэргүүн нартай уулзахаар тэдгээр орнуудад очсон юм. Энэ долоо хоногт Ж.Видодо хэлэхдээ, хоёр улс Индонезийг "энх тайвны гүүр" гэж хүлээн зөвшөөрсөн гэсэн байна.


Индонезийн Бали аралд ирэх 11 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй томоохон орнуудын удирдагчид уулзах төлөвтэй байна. Индонез мөн Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийг уулзалтад урьжээ. 

Холбоотой мэдээ