Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон, Монголын найрамдлын бүлгийн даргатай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-23 15:50:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад айлчилж буй Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяаши Мотоо тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.


Төлөөлөгчид Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд айлчилж буй юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Япон Улсын төр, засаг манай улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл хэмээн үзэж байна гэв.


Тэрбээр хоёр улсын улс төрийн харилцаанд өнөөг хүртэл хүрсэн ололт амжилтыг бататгах, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх чиглэлд бодит ахиц гарч, харилцааны итгэмжилсэн байдал гүнзгийрч, бүс нутаг, олон улсын талбар дахь хамтын ажиллагаа бэхжиж байгаад сэтгэл хангалуун байна гээд Монгол, Японы харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн хөгжүүлэхэд парламентын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв. Мөн Япон Улсын  Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлэг хоёр улсын харилцааны хөгжилд анхаарч, тууштай дэмжиж байдагт талархал илэрхийлэв.


Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяаши Мотоо дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим, Зөвлөхүүдийн танхимын 9 гишүүн, иргэд, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн 86 төлөөлөгчийн хамт Монгол Улсад айлчилж буйгаа танилцуулав. Тэрээр 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Засгийн газар 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлан жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, цаашид парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө чармайн ажиллана гэв.


Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан Монгол-Японы найрамдал, хамтын ажиллагааны байгууллагуудын санаачилгаар зохион байгуулж буй “Их Хуралдай” симпозиумын нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хаяаши Мотоо тэргүүтэй төлөөлөгчдийн хамт оролцлоо. “Их Хуралдай” симпозиумын үеэр “Япон-Монголын хамтын ажиллагаа”,  “Парламентын гишүүд хоорондын харилцааны  өнгөрсөн ба ирээдүй”, “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсон түүх”, “Эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, хөгжлийн боломж”, “Иргэдийн харилцааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв, идэвхжүүлэх арга замууд”, “Залуучуудын харилцан ойлголцлыг дэмжих” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулж буй юм.

Холбоотой мэдээ