Вашингтон хотноо үндэсний үйлдвэрлэл, өв, соёлоо сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-09-02 12:15:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, АНУ хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэл болон монголын үндэсний өв, соёлыг сурталчлан таниулах зорилгоор “Монголын өдрүүд-2022”-ийг Вашингтон Ди Си хотод 8 дугаар сарын 29-31-нд зохион байгууллаа.

“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган-2022” сэдвийн дор зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буй энэ онд болж байгаагаараа онцлог юм. “Монголын өдрүүд-2022”-д хоёр орны төр, захиргааны байгууллагууд, Монголын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, компаниуд, соёл, урлаг, эрүүл мэндийн салбарын нийт 85 орчим хүн оролцлоо.
Түүнчлэн Монгол Улсын ноолуур, ноос, эсгий, арьс шир, оёдол, гар урлал, гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нийт 28 бизнес эрхлэгч, компаниудын 60 орчим төлөөлөл бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулахын зэрэгцээ хоёр талын бизнес уулзалтуудыг хийж, бүтээгдэхүүнээ зах зээлд өргөжүүлж түгээх боломжуудын талаар ярилцаж, туршлага судлав.
Мөн дуучин, бүжигчин, зураач, хөгжимчин зэрэг нийт 20 гаруй уран бүтээлч оролцож, үндэсний өв соёлоо сурталчилсны зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээсэн хувцасны загварын шоуг үзүүлэв.
Энэхүү үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар болон тус ЭСЯ-ны төлөөлөл АНУ-ын Худалдааны тэнхим, Жижиг бизнесийн газар, Олон улсын хөгжлийн санхүүжилтийн газар, Дэлхийн банкны холбогдох удирдлагуудтай тус тус уулзаж, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломж, арга зам, санаачилга, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.


Холбоотой мэдээ