ДОРНОД: Орон нутаг ашиглагч тал учир бид хариуцлага нэхэж хуулийн байгууллагад хандсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-16 18:52:36

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 оноос 5.5 км урт, дөрвөн урсгалтай авто зам барьж эхэлсэн ч өнөө хэр дуусаагүй, ашиглалтад оруулсан хэсгүүд эвдрэл ихтэй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Түүнчлэн Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн эвдрэл ихтэй 50 болон 27 км зам, аймгийн төвийн жижиг замуудын засвар тохижилтын талаар Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс тодрууллаа.


-"Арц суварга" ХХК Чойбалсан хотын хойд төв замыг ашиглалтад хүлээлгэж өгөх хугацаанаасаа даруй хоёр жилээр хоцроогоод байна. Аймгийн зүгээс үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 оноос хэрэгжиж эхэлсэн явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй, дөрвөн урсгалтай 5,5 км урт замын бүтээн байгуулалтад Чойбалсан хотын иргэд бид хүлээлт өндөртэй байсан. Гүйцэтгэгчээр “Арц суварга” ХХК шалгарч, нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан боловч 2020 онд дуусах ёстой ажил одоо болтол сунжирч байна. Орон нутгаас гүйцэтгэгч компанид бүх талын дэмжлэгийг үзүүлж ирсэн. Мөн хяналт шалгалтыг ч олон удаа зохион байгуулж, тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байсан. Гэвч замын зарим хэсэгтээ чанаргүй, суурь нь буруу, ус зайлуулах системийг зургийн дагуу хийгээгүйгээс болж, ажил бүхэлдээ чанаргүй болж байгаа тухай асуудлаар Зам тээвэр, хөгжлийн яаманд удаа дараалан хандсан. Хамгийн сүүлд дахин Зам тээврийн хөгжлийн сайдад хандаж, энэ ажлын үлдсэн нэг тэрбум төгрөгийг санхүүжүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн саналаа хүргүүлсэн. Аймгийн Засаг даргын хувьд замыг засаж дууссаны дараа мөнгийг шилжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Ийм томоохон бүтээн байгуулалтын ажлын тендерийг аймаг орон нутаг өөрөө шалгаруулах ёстой биз дээ. Нийт хэчнээн төгрөгийн төсөвтэй зам бэ?

-2019 онд улсын төсөвт батлагдсаны дагуу аймгийн Засаг даргад тухайн үед тендер буюу худалдан авах ажиллагаа шилжиж ирсэн хэдий ч сайдын тушаал гарч, ЗТХЯ-наас буцаан татсан. 10.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй энэ замын ажлын тендер шалгаруулалт нь үндсэндээ ЗТХЯ-нд явагдсан гэсэн үг. 

-Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн зам зорчиход тун хүндрэлтэй, осол аваар ч гарах боллоо. Мөн л ЗТХЯ-тай холбоотой асуудал уу?

-Иргэд энэхүү яригдаж буй улсын чанартай авто замыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж, Зам тээвэр хөгжлийн яам гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгүүлсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Орон нутаг бол ашиглагч тал учир бид хариуцлага нэхэж хуулийн байгууллагад хандаж байгаа.

-Зам тээвэр хөгжлийн яаманд хэд хэдэн удаа хандсан, яамнаас шийдвэрлэх тал дээр ганц ч ажил хийгээгүй өнөөдрийг хүрч гэж ойлгосон?

-Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн 50 км, 27 км авто замуудыг чанаргүй гүйцэтгэсэн “Чайна гео инженеринг” ХХК, “Хансуун зам” ХХК болон хариуцаж гэрээ байгуулсан Зам тээвэр хөгжлийн яамны тухайн үеийн холбогдох албан тушаалтнуудыг хяналт тавих үүргээ биелүүлээгүй хариуцлагагүй хандсан гэж үзэн, аймгийн Засаг даргаас Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт шалгуулахаар хүсэлтээ өгч байна. Учир нь 2015 оноос эхлэн Дорнод аймгийн Засаг даргаас Зам тээвэр хөгжлийн яаманд удаа дараа хандаж байсан. Гэвч асуудлыг шийдвэрлэх талаас ямар ч ахиц дэвшил гараагүй өнөөдрийг хүрлээ. 

-ОНХС-гийн хөрөнгөөр "Илч" хороололд тавьж байгаа зам товлосон хугацаандаа ашиглалтад орох боломжгүй гэв үү? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

-Дорнод аймгийн Авто замыг хөгжүүлэх хөтөлбөр, Чойбалсан хотын авто замын сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2021-2022 оны хөрөнгө оруулалтаар Хэрлэн сум, 1-р баг “Илч хорооллын хайрган хучилттай авто замыг хатуу хучилттай авто зам болгон барих ажлыг төлөвлөн “Авто агро” ХХК хэрэгжүүлж байна. Тус зам 660 м урт, дөрвөн м өргөн, хоёр талаараа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах байгууламж бүхий замыг цогцоор нь хэрэгжүүлж, ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байгаа. Гүйцэтгэгч компаниас бараа материалын хомсдол үнийн өсөлтөөс шалтгаалж, батлагдсан төсөвт ажлыг бүрэн гүйцэтгэх боломжгүй байна гэсэн саналыг үндэслэн ажлын баг байгуулж, аймгийн ИТХ-ын хуралдаанд  хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

-"Найрамдал" цэцэрлэгт хүрээлэн рүү тавигдаж байгаа явган хүний зам, автомашины зогсоолын ажил хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Хэрлэн голын эргийг талхлагдлаас хамгаалах зорилгоор “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоол, явган хүний замыг сайжруулах ажлыг 2021 оноос аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхэлсэн. 2021 онд төв замаас урагш 160 метр урт, нэг талаар нь хоёр метр өргөнтэй явган хүний зам барьсан. Энэ онд үргэлжлүүлж, 40 автомашины эко зогсоол, Хэрлэн голын эрэг хүртэл 320 м урт явган хүний зам барих ажлыг хэрэгжүүлж байна.Гүйцэтгэл 73 хувьтай явагдаж байгаа. Энэ сардаа багтааж дуусгана. Гүйцэтгэгчээр “Нано экологи” ХХК шалгарч ажиллаж байна. Энэ ажлыг хэрэгжүүлснээр “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээр амарч, зугаалж буй иргэдийн тээврийн хэрэгслээ байршуулах боломж нөхцөл сайжирч, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдан, Хэрлэн голын эргийн талхлагдал буурах юм.

-Аймгийн төвийн автозамын уулзваруудад эвдрэл нэлээд үүсэж байна. Ус зайлуулагчгүйгээс энэ их эвдрэл үүсээд байна гэж ойлгож болох уу? Иргэдийн хувьд шийдвэрлээсэй гэж хүсэж байгаа нэг асуудал болоод байна.

-Сүүлийн хоёр жил хур бороо их байлаа. Өмнө жилүүдэд бороо хур бага байсан учраас устай холбоотой замын эвдрэлүүд бага байж. Тиймээс уулзвар бүрт ус зайлуулах системийг хийж, төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн орон сууцны хороолол дунд бие даасан ус зайлуулах байгууламжийг барьж, арчлалтыг орон нутгийн өмчит компаниар гүйцэтгүүлнэ. Иймээс ирэх оны төсвийг авто зам, шугам сүлжээ, ус зайлуулах систем зэрэг нийтийн эзэмшлийн дэд бүтцийн ажлуудыг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Ойрын өдрүүдэд аймгийн төвд баригдаж байгаа авто зам, явган хүний зам, зам засваруудын ажилтай танилцаж, үүрэг чиглэл өгч байгаа. 

-Ярилцсанд баярлалаа. 


Холбоотой мэдээ