Луизианад үерийн улмаас олон хүн амь эрсэджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын өмнөд нутгийн Луизиана муж улсад ширүүн бороо орж, үер болсны улмаас 10 гаруй хүн амь эрсдэж, 40 мянга гаруй байшин барилга усанд автжээ.
Тус муж улсад өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас ширүүн бороо орж эхэлсний улмаас гол нуурууд эргээсээ хальсан байна. Зарим газарт 24 цагийн хугацаанд 400 гаруй мм хур тунадас унажээ.
Мужийн захиргааны албаны хүмүүс хэлэхдээ “зарим хүн үерт урссан. Хэдэн арван мянган байшин барилга эвдэрч сүйдсэн” гэв.
Тэдний мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар мягмар гарагт бороо зогсож, үерийн ус татарч эхэлжээ. Гэсэн хэдий ч мужийн төв Бейтон-Руж хотод байшин болон машинууд усанд автсан хэвээр байна.
Үерийн улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсний улмаас тэдний орон гэрт хулгай орсон тохиолдлууд бүртгэгджээ.
Хулгай дээрмээс урьдчилан сэргийлэхийн тулд шөнө болон үүрээр хөл хорио тогтоож, цагдаа нар эргүүлд гарч байгаа гэнэ.
Г.Доржханд