ДУНДГОВЬ: “Оролцоо” төсөлд 16 залуу оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-28 10:19:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2022 онд залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд Дундговь аймгаас 16 залуу оролцож, 14 хоногийн хугацаанд хөдөлмөрийн харилцаанд оролцоход шаардлагатай ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хувь хүний хөгжлийн олон талт сургалтад хамрагджээ.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд залуучуудын хөгжил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор тэднийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрт хамруулан хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах зорилгоор “Оролцоо” төслийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа ажээ.


Тус төсөлд сүүлийн 3 сар ажил хөдөлмөр эрхлээгүй, 18-34 насны зулуучуудыг бүртгэн, энэ онд 4 ээлж хичээллэжээ. Сургалтын дараа оролцогчид хоёр долоо хоногийн хугацаанд ажлын байрны дадлага хийн, хөдөлмөрийн харилцаанд оролцох өөрийн мэдлэг чадвараа таниулж, улмаар байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг болно.


Дундговь аймгаас оролцсон залуучууд хаана, ямар байгууллагад дадлага хийж байгаа төлөөр аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Э.Цэвэлмаагаас тодруулахад “Манай залуучуудаас III ээлжийн оролцогч Б.Энхтуяа одоо аймгийн Нэгдсэн эмнэлэгт дадлага хийж байна. Бусад оролцогчид маань дадлага хийх ажлын байраа хайж байгаа. Энэ ажлын байраа олоход нь бид зуучлахаар ажиллаж байна. Удахгүй бүгдээрээ байнгын ажилтай болж чадах байх.

Ер нь энэ төсөл залуучуудыг маш их өөрчилж, өөрийгөө илэрхийлэх чадвартай болгож, төлөвшүүлдэг юм байна” гэлээ.

“Оролцоо” төслийн III ээлжийн оролцогч Б.Энхтуяа төслийнхөө талаар “Энэ төсөлд оролцохоос өмнө би хувь хүн талаасаа өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, нэгэн хэвийн урсгалаар амьдарч байсан юм байна лээ.


Төсөлд хамрагдсанаар би өөрийгөө хөгжүүлж, өөрийн гэсэн орон зайг бий болгож, нийгэмд эзлэх байр сууриа нэмэгдүүлж чадсан. Ер нь залуучууд бид нийгмийн хөгжилд “оролцох” ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Одоо Нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлд дадлага хийж байна” гээд энэ төслийн гол цөм нь оролцогч бид нар учраас залуучуудыг өөрийн гэсэн зорилгоо тодорхойлж, нийгэмд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхийн тулд энэ төсөлд хамрагдахыг уриаллаа. 

Холбоотой мэдээ