Ж.Сүхбаатар: Нийтийн тээврээ эхлээд шинэчилж дэмжин иргэдэд зорчих сонголтыг бий болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-09-28 15:13:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны дараагаар холбогдох салбарын сайдууд мэдээлэл хийв. Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын мэдээллийг хүргэж байна.


Тэрбээр, Үндэсний хороо өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдаж, ажлынхаа ерөнхий чиглэлийг гаргаж хууль эрх зүй, авто тээвэр логистик, аймаг-хотын чиглэлийн төлөвлөлт, нийтийн тээвэр болон замын хөдөлгөөний зохицуулалт, олон нийттэй харилцах зэргээр ажлын хэсгүүдийг байгуулаад буйг мэдээллээ.


“Бид түгжрэлийн зохицуулалт дээр төрийн байгууллагууд болон олон нийтийн саналыг авч байна. Эдгээрийг нэгтгээд ажлын ерөнхий зураглал, төлөвлөгөөг гарган ажиллана. Энэ талаар төсвийн бодлогод суулгаж байгаа. Түгжрэл ид эхэлсэн энэ үед хүмүүс бухимдалтай, энэ талаар ойрын үед авах арга хэмжээг илүү их асууж нэхэж байгаа. Гэхдээ түгжрэл, автозамын хөдөлгөөнийг эхлээд том зургаар харж, бодлогын арга хэмжээг тодорхойлохгүй бол энд нэг уулзвар, тэнд нэг замын асуудал гарлаа гэж яриад байж боломгүй. Үндэсний хороо хэдийгээр нэг сайдаар ахлуулан ажиллаж байгаа хэдий ч сайд асуудлыг дангаар, дураар шийдэхгүй, Засгийн газраас албан ёсны бодлого, үйл ажиллагаагаар дэмжигдэж байж ажил нь цаашаа явна.



Ирэх онд нийтийн тээврийн шинэчлэлтийг бүрэн хийж дуусгана. 24-өөс дээш суудалтай автобус оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас 2024 он хүртэл чөлөөлнө. 



Нийтийн тээврийн талаар түгжрэлийг сааруулж бууруулах менежментийн гол бодлогын ерөнхий аргачлал нь эхлээд нийтийн тээврээ дэмжиж байж зорчигч нарт сонголтыг бий болгоно. Тэгээд тэрнийхээ хүрээнд дэд бүтцээ сайжруулж, энэ бүхэн рүүгээ дэмжсэн бодлогыг явуулж зохицуулна” хэмээн Ж.Сүхбаатар хэллээ.


Тэрбээр, дахин хэлэхэд түгжрэлийг бууруулах ерөнхий аргачлал нь нийтийн тээврийг хүртээмжтэй болгох явдал юм гэдийг онцолж, 2009 онд С.Баярын Засгийн газрын үед 400 автобус авсан байна. 13 жилийн тэртээд парк шинэчлэлт хийж. Одоо нийт автобусны 75 хувь нь 10-аас дээш жил болжээ. 576 автобус ашиглалтаас гарахаар хүндрэл үүснэ. Хоногт 2 сая 800 мянган хөдөлгөөн хийж байгаагийн 1.8 сая нь хувийн автомашин байна. 685 мянга нь нийтийн тээврээр, 300 гаруй мянга нь явганаар зорчиж байна. Бид хувийн машинаар зорчих хөдөлгөөнийг 1.5 сая болгоё. Нийтийн тээврээр зорчигчдыг мөн нэг саяд хүргэе. Явган зорчигчдыг 64 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Парк шинэчлэлийг гүйцээхэд Засгийн газар 318 тэрбум төгрөгөөр 457 автобус авахаар тооцсон. Ирэх онд нийтийн тээврийн шинэчлэлтийг бүрэн хийж дуусгана. 24-өөс дээш суудалтай автобус оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас 2024 он хүртэл чөлөөлнө гэв. 

Холбоотой мэдээ