Барилгын ажлын зөвшөөрлүүдийг шалгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-03 12:11:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын дарга Стандарт, норм, дүрмийг шинээр боловсруулах, шинэчлэх тухай, барилга байгууламж, гадна талбайн тохижилт, засах, тоноглох ажлыг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааны үр дүнг нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулав.


Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам ярихдаа, “Стандарт, норм, дүрэм, журмыг шинэчлэх талаар нутгийн захиргааны байгууллагуудаас санал авсан. Шинээр 16 стандарт боловсруулахаас гадна шинэчлэх шаардлагатай 28, барилгын зургаан норм, дүрмийг шинээр боловсруулах хэрэгтэй гэсэн санал ирсэн. Саналыг нэгтгэн холбогдох байгууллагад хүргэлээ. Он гарснаас хойш 888 барилга, байгууламж, гадна талбайн тохижилтын ажилд комисс ажиллан, 739 барилга байгууламжийг ашиглалтад оруулав. Үлдсэн ажлын хувьд гадна орчны тохижилт зураг төслөөсөө зөрүүтэй, явган зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг стандартын дагуу хийгээгүй зөрчил илэрсэн” гэв.


Хотын дарга ногоон байгууламжгүй, автомашины зогсоолгүй хотхон ашиглалтад орох зэргээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг онцолж байлаа. Иймээс Ажлын хэсэг энэ чиглэлд ажиллаж, явцын талаар Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов.


Нийслэлд 2020 оноос хойш олгосон барилгын ажлын зөвшөөрлүүдийг холбогдох стандарт, норм, дүрэмд нийцсэн эсэх талаар нэгдсэн шалгалт зохион байгуулсныг НМХГ-ын дарга С.Даваасүрэн танилцууллаа. Тэрбээр “Шалгалт дууссан. Барилга хоорондын зай хэмжээ стандартын дагуу бус, хотын хүн амын нягтаршлыг тооцож барилгын зөвшөөрөл олгодоггүй нийтлэг зөрчил илэрсэн. Цаашид авах арга хэмжээний талаар Зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн” гэлээ.

 

Холбоотой мэдээ