ТЭРБУМ МОД: М.Энхмаа: Бортоготой модыг өвлөөс бусад улиралд шууд тарьж болдгоороо онцлогтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-04 20:03:34

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Мандал сумын иргэн М.Энхмаа өөрийн өмчлөлийн хашааны талбайгаа бүрэн ашиглаж, эко ногоон орчин бүрдүүлжээ. Эднийх тийм том хашаа биш. Монгол Улсын иргэнд олгож байгаа 0.7 га газартаа мод тарьж, бүрэн дүүрэн ашиглаж байгаа аж.

 

Тэрээр 10-аад жилийн өмнөөс хашаандаа мод тарьж эхэлсэн байна. Улмаар хобби сонирхолдоо хөтлөгдөн мод тарих ажлаа улам идэвхжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр төрөл зүйлийг нь нэмэгдүүлэн ажиллахад түүний ойн мэргэжил ихээхэн нөлөө үзүүлдэг байна.

 

Амьдарч буй орчноо ойн төгөлөөс дутахааргүй тансаг болгон цэцэрлэгжүүлэхэд маш их хөдөлмөр, уран ухаан, сэтгэл зүтгэл туйлын чухал хэмээн тэр өгүүлсэн.    


М.Энхмаа бүсгүйн хэлснээр модыг заавал олон га, том талбайд тарьснаар ажил болдог юм биш. Орчин тойрноо, амьдарч буй газраа жижиг гэлтгүй боломжийг нь олж харж, эерэг сайхан нөлөөтэй энэхүү “ногоон зах зээл”-ийг бий болгоход зүтгэл, сэтгэл л хэрэгтэй аж.

 

Эдний хашаанд элгэнд ач тустай эмчилгээний модноос эхлээд алим, чацаргана, мойл, үхрийн нүд, үрэл зэрэг жимсний, гоёлын гацуур, нарс, шинэс, агч, улиас, хайлаас, голт бор 2 төрөл, буйлс, гүйлс, далайн хальс, таримал зүлэг гээд 30 гаруй нэр төрлийн шилмүүст болон навчит моднууд эмх цэгцтэй, үзэсгэлэн төгөлдөр сэтгэл татам ургасан харагдана.

 

Мөн тэрээр нэлээд олон бортогонд мод тарьсан харагдана. Урдаас 60х60-ын харьцаатай бортого захиалан авч ирж, жил бортогонд 200-гаад мянган ширхэг мод тарьсан байна. Бортоготой мод жилийн аль ч улиралд гаргаж тарьж болдог давуу талтай юм байна. Жишээ нь гадаа ил ургаж байгаа үндэстэй модыг зун аваад гаргаад тарьж болохгүй. Шууд үхдэг байна.



Тэгвэл бортоготой модыг өвлөөс бусад улиралд шууд тарьж болдгоороо онцлогтой, ач холбогдол их юм. Газраа ухаж бэлтгээд л бортоготой нь аваад шууд тарьдаг байна. Бортогонд ургуулсан модны үндэс нь хатна, муудна гэсэн ойлголт байдаггүй аж. Харин үндэснээс нь авсан модыг ерөөсөө хавар, намар л тариалдаг гэв.


 

Харин навчит ба шилмүүст модноос шинэс гэдэг модыг навч нь унасны дараа, нахиа нь гараагүй байхад тарихад 100  хувь ургалттай байдаг байна. Нахиа нь гарсан үед таривал нөгөө дутуу төрсөн нярай хүүхэд шиг маш их арчилгаатай болчихдог гэж тэрээр хэлсэн.

 

М.Энхмаа “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг  “боломж” гэж харжээ. Иймээс ч өөрөө ойн мэргэжилтэйгийн хэрэг юу билээ. Мөн 10 гаруй жил мод тарьж байгаа туршлага байна. Одоо л түүнийхээ ач гавьяаг үзэх цаг ирлээ хэмээн өөртөө хүч өгөн зүтгэсэн байна.  

 

Ингэж хөтөлбөрийн хүрээнд, өөрийн мэргэжлээ ашиглаад мод тариад, зах зээлд борлуулаад зогсохгүй, сум орондоо ногоон байгууламж бүрдүүлэхэд нь гар бие оролцоод, өөрийн амьдрал ахуйдаа бас дэм болъё гэж боджээ.

 

“Бид тарьж, ургуулж чадаж байна. Гэвч борлуулалт гэдэг зүйл санааг минь маш ихээр зовоож байна” гэж тэр хэлсэн.

Мөн “Хэдийгээр Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр гээд зарлагдаад явж байгаа боловч Монгол Улсын Засгийн газраас энэ талаар ямар нэгэн шийдвэр, тодорхой чиглэл өгөөгүй байна. Борлуулалтын асуудалд төр цаанаасаа тусгай хөтөлбөрөөр зохицуулж өгч, иргэд, ААН-үүдээ дэмжих байх гэж найдан хүлээж байгаа.

Манай аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нийлүүлэгч аймаг болно гэдгээ зарлаад өнгөрсөн хавар зөвлөгөөн хийсэн. Энэ зөвлөгөөнд БОАЖЯ-наас эрх мэдэл бүхий хүмүүс ирсэн. Үүнд л бид урамшаад энэ хавар асар их хэмжээний мод тарьсан байгаа. Яг тоолох юм бол эдний хашаанд 300 мянган ширхэг модны үржүүлэг байна. Надад маш олон үр, үрсэлгээ бүр мянга мянгаараа байгаа. Би ердөө худалдаанд 10 гаруй төрлийг нь гаргадаг. Нэг ширхэг болгон л мод болно шүү дээ. Хувь хүмүүс нэлээд хандаж мод авч байгаа. Би өөрөө пэйж хуудастай түүгээрээ хандаад хүмүүстэй харьцаж байна. Хувь хүмүүс бол 10-20 ширхэгээр бага авдаг” гэв.

 

Түүний тарьсан мод үнэ ханшийн хувьд өөр өөр. Тухайлбал өндөр ургасан шинэс бол үнэтэй бөгөөд 1 ш нь 60000 төгрөг гэнэ. Харин намхан ургасан нь арай хямд. Бургас, улиас модны нэг ширхэг нь 5000 төгрөг байх жишээтэй.

 

Мод тарих тийм амархан ажил биш юм. Хөрсөө бордоно, сийрүүлнэ, хар шороогоор, олон жил болсон өтөг бууцаар дэмжинэ. Үргэлж тордоно, арчилна. Яг л нялх хүүхэдтэй адил бойжуулж, өсгөж, ургуулдаг байна.

 

Мөн М.Энхмаа ярихдаа: ”Би энэ хавар их мод тарьсан болохоор үрийн хувьд санаа зовохгүй. Энэ хашаанаасаа л үрээ авна. Модыг ерөнхийдөө өвлөөс бусад улиралд шууд тарьж болдог. Тэгээд эхний жилийнхээ 1-2 настай байхад нь худалдах юм бол дараагийн жилийнх нь гарч ирж байдаг. Энэ өндөр моднуудыг би 10 жил тарьсан” хэмээв. 

 

Холбоотой мэдээ