СҮХБААТАР: Т.Хүрэлбаатар: Сумандаа үхрийн жишиг фермерийг бий болгохоор зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-04 14:49:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын иргэн Т.Хүрэлбаатар Улаанбаатарт 20 гаруй жил ажиллаж амьдраад 2017 оноос нутагтаа ирж суурьшжээ. 2020 онд ЖДҮ дэмжих сангаас 147 сая төгрөгийн зээл авч сумандаа үхрийн фермер байгуулсан байна. Улмаар Сэлэнгэ аймгаас 70 үхэр авчирч байсан бол цаашид мах, сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулах фермер өдгөө 400 гаруй үхэртэй болжээ.


Түүний хувьд Сүхбаатар нутгийн унаган хүүхэд. Нийслэлд олон жил болсон болохоор хөдөө амьдрахаар шийдэн гэр бүлийн хамтаар нүүж иржээ. Ингээд орон нутагт яг ямар зах зээл байгааг эрэлхийлж, энэхүү фермерээ байгуулах шийдвэрийг гарган, өөрөө төслөө бичсэн байна. Сум орон нутгаас ч төслийг дэмжиж ЖДҮ-ийг дэмжих сангаас 147 сая төгрөгийн зээл олгож, мөн 3 га газрыг шийдвэрлэж өгчээ. Хашаа, саравч, гүний худаг гээд бүхий л хэрэгцээт ахуйн бэлтгэл нь хангагдсан. Үхрээ өвөлдөө тэжээж, зуны цагт бэлчээрт гаргадаг байна. Одоогоор үхэр нь гурван суурь бэлчээрээр байгаа бөгөөд энэ сарын сүүлээр оруулж ирэх аж. 2017 оноос өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт болоод үржүүлгийн ажлууд хийгдсэн. Энэ жилээс фермерийн ажил нь жигдэрнэ гэж Т.Хүрэлбаатар ярилаа.


Энэхүү фермер нь мах болон сүүний чиглэлээр ажиллана. Махаа Улаанбаатар хотод борлуулах бол сүүгээ эхний ээлжинд орон нутагтаа борлуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд 50 үнээний зогсоол барих ажлыг эхлүүлсэн байна. Зориулалтын зогсоолд, автомат саалтуураар үнээгээ саана. Сумын иргэд болоод сургууль, цэцэрлэгт сүүгээ нийлүүлэх аж. Мөн махны чиглэлийн бухан бяруугаа хөрш зэргэлдээх сумдад борлуулаад эхэлжээ. Энэ мэтээр үхэр болон түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд оруулж, цаашид орон нутагтаа үхрийн жишиг фермерийг бий болгохоор Т.Хүрэлбаатар зорин ажиллаж байна. 

Холбоотой мэдээ