СҮХБААТАР: Менингитийн халдвар нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-05 11:54:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт 10 дугаар сарын 4-ний байдлаар вирусний гаралтай менингитийн 11 тохиолдол батлагджээ. Ихэвчлэн 2-11 насны хүүхдүүдийн дунд халдвар батлагдаж байгаа бөгөөд цаашид ч менингитийн халдвар нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа.  

 

Иймд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх нийтийн арга хэмжээг авах шаардлагатайгаас гадна эцэг эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулах, томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөв. Учир нь менингитийн халдвар нь заавал нугасны ус авч байж оношлогддог тул дур мэдэн эмчилгээ хийвэл өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй гэж ЭМГ-ын дарга П.Болормаа мэдээллээ.

Хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт ийнхүү нэмэгдэж улс болон аймгийн хэмжээнд идэвхжлийн түвшинд ирээд байна. Мөн тууралттай халдвар, халууралттай цэврүүтэй халдвар ч нэмэгдэж байгааг анхаарууллаа. Харин өнгөрөгч долоо хоногт аймгийн хэмжээнд ковидын тохиолдол батлагдаагүй, халдвар эрс буурсан байна.

 

Холбоотой мэдээ