Б.Батцэцэг: Япон нь Монгол Улсын гуравдагч хөрш, бүс нутгийн найдвартай түнш орон
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурал болж байна.
Хурлын нээлтийн
үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Япон Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, бүс нутгийн найдвартай түнш орон гэдгийг онцоллоо. Тэрбээр, “Монгол
Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 50 жилд 2 орны харилцаа
тасралтгүй урагшилж байгаа. Японы Ерөнхий сайд Монгол Улсад 1991 онд анх удаа айлчлахдаа
ардчилал шинэчлэлийг дэмжиж байсан юм. Японы Засгийн газраас манай улсад
1991-2022 онд үзүүлсэн техникийн хамтын ажиллагааны тусламж нь олон улсаас хүргэсэн тусламжийн 50 гаруй хувийг эзэлдэг. Тодруулбал,
байгалт орчныг хамгаалах, ЖДҮ-ийг дэмжих, нисэх онгоцны шинэ буудал, автозам,
1000 оюутны хөтөлбөр нь манай улсын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн”-ийг
тодотгов. Энэ харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч улам үр дүнтэй, амжилттай
үргэлжлэхэд анхаарч ажиллана хэмээсэн юм.
Хоёр улсын харилцаа зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эрчимтэй хөгжиж, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн, стратегийн түншүүд болсныг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши тэмдэглэлээ.
Монголбанкны
Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ, “Манай улсын дотоод эдийн засаг 1.9
хувиар тэлж, тээвэр, уул уурхай, барилгаас бусад салбар өсөж, хөрөнгө оруулалт сэргэж
байна. Эдийн засгийн идэвхжил сайжирч, уул уурхайн бус салбар нийт дүнгээр 2019
оны мөн үеийнхээс 5.2 хувиар их байгаа нь дотоод эдийн засаг цар тахлын өмнөх
үеийг давсан”-ыг дурдав.
МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин ярихдаа, “Тус улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2016 онд байгуулснаар Япон улс руу экспортод гарч буй бүтээгдэхүүнд олгох гарал үүслийн гэрилгээний тоо нэмэгдсээр 2019 онд хамгийн их буюу 2016 оныхоос 98 хувиар нэмэгдсэн. Япон руу хийсэн экспортын ихэнхийг нэхмэл эдлэл, зэс утас, хонины өлөн гэдэс, арьс ширэн, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүн, чацарганы шүүс, давс, эзэлдэг. Цар тахлын улмаас 2019-2020 онд эрдэс бүтээгдэхүүний экспорт ерөнхийдөө зогсонги байдалд орсон” гэлээ.
Тус хурлын үеэр Монгол-Японы хамтын ажиллагаанд онцгойлон
хувь нэмрээ оруулж буй компаниуд үйл ажиллагаагаа танилцуулав. “Эм Юү Эф Жи банк (MUFG Bank)”-ний Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга
Кикүчи Казүёши нь GAIA төслийн талаар мэдээллээ. GAIA нь,
нүүрстөрөгч багатай, уур амьсгалд дасан зохицох, нөлөөллийг багасгахад чиглэсэн төслүүдэд нийт 1,125 тэрбум ам.доллар зарцуулах ногоон хөгжлийн цогц
санхүүгийн төсөл юм. Мөн “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-ийн
гүйцэтгэх захирал Китанака Такэфуми, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын
онцлог, үйлчилгээний тухай тайлбарлан, цаашдын зорилтыг тусгасан
илтгэлийг сонирхууллаа.
Япон Улсын Засгийн газраас 1977-2021 онд 123.6 тэрбум иен буюу 920 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж, 182.9 тэрбум иен буюу 1.4 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгожээ. Мөн техникийн хамтын ажиллагааны хүрээнд 58.4 тэрбум иен буюу 440 орчим сая ам.доллар, нийт зээл тусламжийн хэмжээ 364.9 тэрбум иен буюу 2.5 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ үзүүлэлтээр Япон Улс манай орны хамгийн том санхүүгийн түнш болдог аж.
Манай орны Япон руу хийсэн экспорт 2018 онд 26.5 сая ам.доллар байсан бол 2019 онд экспортолсон барааны хэмжээ 41 хувиар багасжээ. Хоёр талын худалдаа 2022 оны эхний 8 сарын байдлаар экспорт 8,584.3 мянга, импорт 483,001.2 мянган ам.доллар болсон байна. Хоёр улсын хооронд худалдааны бараа эргэлт 2021 онд 470.9 сая ам.доллар болж, 2016 оныхоос 126.3 сая ам.доллар буюу 27 хувиар нэмэгдэж, экспорт 17.7 сая, импорт 453.1 сая ам.долларын үнийн дүнтэй байв. Монгол Улсын гадаад худалдаанд Японы эзлэх хувь 2016 онд 4.17 байсан бол 2021 онд 2.93 хувийг эзэлсэн статистик мэдээлэл бий.