ЗАВХАН: Багш А.Дайриймаа сайхан бичигтэн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-06 16:51:34

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт үндэсний бичиг соёл, номын баярын өдрүүд үргэлжилж байна.


Энэ жилийн үйл ажиллагааны хүрээнд соёлын байгууллагуудаас сарын хугацаатай зорилтот ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангаас уншигчдын дунд зохион байгуулсан "Завханы сайхан бичигтэн" уралдаанд нийт 33 уншигч бүтээлээрээ оролцлоо.

Эдгээр бүтээлүүдээс тэргүүн байрт Улиастай сумын лаборатори Чандмань Эрдэнэ сургуулийн бага боловсролын багш А.Дайриймаагийн бүтээл, дэд байрт аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан И.Чойжилжавын бүтээл, гуравдугаар байрт лаборатори Чандмань Эрдэнэ сургуулийн бага боловсролын багш О.Дуламсүрэн нарын бүтээл шалгарч мөнгөн шагналаар шагнууллаа.

Мөн сайхан бичигтэн уралдаанд ангиараа бүтээлээ ирүүлсэн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн Б.Сугаррагчаа багштай 6А ангийн суралцагчид шагналаа гардаж авлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу номын баярыг 5 ба 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Номын баяр нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулдаг онцлогтой. 

Номын баярын үйл ажиллагаа 32 дахь удаагаа УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриан дор “Үндэсний бичиг соёлын өдрүүд” нэртэйгээр улсын хэмжээнд болсон. Завхан аймгийн тухайд үндэсний бичиг соёлын өдрүүд үргэлжилж байна гэж аймгийн Төв номын сангаас мэдээлэв. 

“Үндэсний бичиг соёлын өдрүүд”-ийн хүрээнд хүүхдүүд баримлын шавраар үлгэрийн баатруудыг урлаж үзэсгэлэн гаргав.

Аймгийн музейгээс оньсон тоглоомыг таниулах, сурталчлах үзэсгэлэн гаргав.

Аймгийн Боролдой номын дэлгүүрээс шинэ номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.

“Үндэсний бичиг соёлын өдрүүд”-ийн хүрээнд шинэ номын болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн худалдаа болов.

“Үндэсний бичиг соёлын өдрүүд”-ийн хүрээнд монгол зургийн үзэсгэлэн болов.

Холбоотой мэдээ