ОРХОН: Их, дээд сургуулиудын уялдаа холбоог сайжруулна

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-07 13:04:24
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь өдрийг тохиолдуулан Орхон аймгийн их, дээд сургууль болон МСҮТ-ийн багш нар баярын хурлаа хийлээ.  


Баярын хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлт хэлэхдээ, Боловсрол, шинжлэх ухааны газар 2022-2023 оны хичээлийн жилд орон нутгийн их, дээд сургуулиудын уялдаа холбоог сайжруулах, Шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулна хэмээн онцоллоо. 


Орхон аймагт Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн  хоёр төв, “Маргад” дээд сургууль, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газрын шийдвэрээр энэ оны есдүгээр сарын 1-нээс МУИС-ийн Эрдэнэт сургуулийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай нэгтгэсэн юм. Эдгээр сургуульд нийт 2000 гаруй оюутан сурч байна.


Дээрх баярын хурлын үеэр салбартаа манлайлан ажиллаж байгаа  багш нарыг төрийн дээд одон медалиар шагналаа.

Энэ удаагийн Багш нарын баярыг аймгийн БШУГ үйл ажиллагааных нь чиглэлээс хамаарч их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулж хоёр тусдаа баярын хурал хийлээ. Орхон аймгийн боловсролын салбарт нийт 1500 гаруй эрдэмтэн, багш ажиллаж байна.

Ташрамд дурдахад, энэ онд Орхон аймаг боловсролын салбартаа улсын төсвийн 8.2, орон нутгийн төсвийн 3.6, нийт 11.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийжээ.

 

 

Холбоотой мэдээ