ТӨСӨВ 2023: НДС-гийн орлого 814.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр тооцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн ирэх оны төсөвт нийт орлогыг 3,194.1 тэрбум, зарлагыг 3,748.0 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ.
НДС-гийн орлогыг 3,194.1
тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн нь 2022 оныхтой харьцуулахад 814.1 тэрбум
төгрөгөөр нэмэгдэх юм. Ирэх онд сангийн орлогыг нийгмийн даатгалын хамрах хүрээ,
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, дундаж цалин хөлс, орлогын боломжит бусад эх
үүсвэр нэмэгдэх зэрэг төсөөлөлд үндэслэсэн байна. Үүнээс нийгмийн даатгалын
хамрагдалт буюу хэвийн өсөлтийг 161.3 тэрбум төгрөг, төсөвт байгууллагын төлөх
шимтгэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж шинэчлэгдэж
байгаатай холбоотой өсөлтийг 652.8 тэрбум төгрөг байхаар тооцоолж тусгасан аж.
Харин иргэдийн
тэтгэвэр, тэтгэмжид зарцуулах хөрөнгийг 236.3 тэрбум төгрөгөөр нэмэхээр тооцож,
НДС-гуудын зарлагыг 3,748.0 тэрбум төгрөгөөр төлөвлөжээ.
Ирэх онд НДС-д
төрөөс олгох дэмжлэгийг 545.2 тэрбум төгрөг гэж тооцсон байна. Нийгмийн даатгалын
шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг
буцаан олгох тухай хуулийн дагуу даатгуулагчийн өөрийнх нь 2022 оны 12 дугаар
сард хариуцан төлөх шимтгэлийн буцаан олголтын зардлыг ирэх оны 1 дүгээр сард
олгоход 21.5 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд зориулж төсвөөс олгосон зардал 2022
оныхтой харьцуулахад 129.3 тэрбум төгрөгөөр багасаж байгаа аж.
Тэтгэврийн даатгалын
санд 2023 онд төрөөс тэтгэврийг нь хариуцах тэтгэвэр авагчдад 523.7 тэрбум
төгрөг зарцуулна. Түүнчлэн, НДС-гийн Капитал банкаас авах 68.4 тэрбум төгрөгийн
авлагыг ч төсвийн төсөлд тусгажээ.
Холбоотой мэдээ

