АНУ Оросын хөнгөн цагааны импортыг хязгаарлаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-10-13 15:49:48

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Оросын хөнгөн цагааны импортыг хязгаарлаж магадгүй гэж “Reuters” агентлагт нэгэн эх сурвалж мэдээлжээ.


Одоогоор эцэслэн шийдэгдээгүй байгаа энэ алхам нь хэрэглээний өргөн хүрээний бараа бүтээгдэхүүнд ашиглагддаг металлын дэлхийн зах зээл дээрх үнийг нэмэгдүүлж магадгүйгээс гадна ийм хориг арга хэмжээ нь дэлхийн зах зээлд үлэмж хохирол учруулж болзошгүй гэж урьд нь үзэж байсан Цагаан ордны байр суурьтай зөрчилдөх юм.


“Бид үргэлж бүх сонголтыг авч үздэг. Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна” гэж Цагаан ордны төлөөлөгч мэдээлжээ. АНУ-ын Сангийн яам болон Худалдааны яам энэ талаар тодруулга хүссэн “Reuters” агентлаг хүсэлтэд одоогийн байдлаар хариу өгөөгүй байна.


АНУ-ын засаг захиргаанд татварыг үр дүнтэй хориг болох хэмжээний түвшинд хүргэн нэмэгдүүлэх эсвэл “Rusal” компанид хориг тавих гэсэн сонголт бий гэж “Bloomberg” агентлаг мэдээлсэн бөгөөд тус агентлаг нь хөнгөн цагаантай холбоотой хоригийн талаар лхагва гаргийн өглөө анх мэдээлжээ.


Дэлхийн хөнгөн цагааны БНХАУ-аас гаднах хамгийн том олборлогч болох “Rusal” компани ч мөн “Reuters”-ийн хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымийн гүүрэн дээр болсон халдлагатай холбогдуулан Украинд “хариу цохилт өгөх” тушаал гаргасан даваа гаргаас хойш Оросын тал 100 гаруй пуужин харвасны улмаас Украин даяар 26 хүн амиа алдсан байна.


Ж.Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд үргэлжлүүлэн тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэнээсээ нэг хоногийн дараа буюу лхагва гарагт хэлсэн үгэндээ дээрх явдлыг харгис шинжтэй, хил хязгаарыг давсан үйлдэл хэмээн тодорхойлсон байна.


АНУ Оросын хөнгөн цагааны импортыг хязгаарлаж магадгүй талаар мэдээлэл гарсны дараа АНУ-д төвтэй хөнгөн цагаан олборлогч “Alcoa” компанийн хувьцаа Нью-Йоркт 5.1 хувиар өссөн бол хөнгөн цагаанаас гадна төмрийн хүдэр, зэс зэрэг бусад металлыг олборлодог “Rio Tinto” компанийн хувьцаа лхагва гарагт Лондонд 1 орчим хувиар унажээ. 

Холбоотой мэдээ