Хоёр талын археологийн судалгааны үр дүнгээр аялал жуулчлал хөгжүүлэх санаачилгыг дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-15 19:20:16
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй айлчлал өчигдөр (2022.10.14) тус улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор, профессор Музаффер Шекертэй хийсэн уулзалтаар үргэлжиллээ.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монголын эзэнт гүрэнтэй холбоотой түүх, соёлын дурсгалууд Турк, Бага Азийн хойгт, эртний Түрэгийн соёлын өвүүд Монгол Улсын Орхоны хөндийгөөс цөөнгүй олдож байна гээд энэ нь хоёр орны ард түмний түүх, соёлын харилцаа олон зуун жилийн түүхтэй, найрсаг харилцаатайг харуулж байна гэв. Мөн саяхан Туркийн Ван мужид Хүлэгү хааны зуны ордны туурь олдсон бол Олон улсын Түрэг судлалын академи, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хамтарсан судалгаагаар Монгол Улсын Архангай аймгийн Хашаат сумын Номгон гэдэг газраас Түрэгийн Кутлуг хааны тахилын онгон, хөшөө чулууны бичээс зэрэг нэн ховор олдвор олдсон. Дэлхийн улс орнуудын шинжлэх ухааны судалгаа түүхээ урагшлуулахад чиглэдэг. Энэ олдвор Түрэгийн түүхийг хэдэн арван жилээр урагшлуулж байна хэмээн Улсын Их Хурлын дарга онцлов.


Түүнчлэн дээрх олдворуудын судалгааны ажлыг эрчимжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэх санаачилгыг дэвшүүлж байгаа бөгөөд хоёр улсын Шинжлэх ухааны академийн зүгээс энэ асуудлыг дэмжин ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.


Дараа нь Улсын Их Хурлын дарга болон Монголын парламентын төлөөлөгчдөд тус улсын Шинжлэх ухааны академийнхан үйл ажиллагааныхаа талаар болон археологийн чиглэлээр хийсэн томоохон судалгаа, шинжилгээний үр дүнгээсээ танилцуулав.


Энэ үеэр БНТУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор, профессор Музаффер Шекер, өнгөрсөн зун биднийг Монгол Улсад айлчлах үеэр амралтын өдөр байсан ч Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаг зав гарган хүлээн авч уулзсанд чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлээд, хоёр орны Шинжлэх ухааны академи эртнээс нягт үр дүнтэй, хамтарч ажиллаж ирснийг онцлов. Мөн тэрбээр цаашид эл салбарын судалгаа, шинжилгээ хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарч, дэмжин ажиллахаа мэдэгдлээ.




Холбоотой мэдээ