Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурал эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-16 17:04:30

БЭЭЖИН. /CGTN/. Хятадын Коммунист Намын (ХКН) 20 дугаар их хурал Бээжин хотын Ардын их хурлын танхимд ням гаргийн өглөө буюу өнөө өглөө эхэллээ.


ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын 19 дүгээр их хурлын Төв хорооны нэрийн өмнөөс энэ удаагийн их хурлыг нээж, илтгэл тавьсан байна.


20 дугаар их хурлын сэдэв

Хятадын онцлогтой социализмын тугийг өндөрт өргөж, Хятадын онцлогтой социализмыг шинэ эринд бүрэн хэрэгжүүлэх, ХКН-ын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, бүх талаараа цэцэглэн хөгжсөн орчин үеийн социалист улс орныг цогцлоож, аугаа сэргэн мандалтыг ахиулахын тулд үндсэн зарчмуудаа баримтлан итгэл төгс урагшлах нь гэсэн сэдвийн хүрээнд 20 дугаар их хурал болж байна гэж Ши Жиньпин илтгэл тавих үеэрээ цохон тэмдэглэсэн байна.


Гурван томоохон үйл явдал

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХКН-ын үйл хэрэг болон Хятадын ард түмэнд маш чухал ач холбогдолтой, түүхэнд тэмдэглэхүйц гурван томоохон үйл явдал болсон гэж Ши Жиньпин хэллээ.


Тэрбээр хэлэхдээ, “Бид бүхэнд ХКН-ын 100 жилийн ойг тэмдэглэж, Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийг эхлүүлж, үгээгүй ядуурлаас ангижран чинээлэг дундаж давхаргыг бий болгосон. Ингэснээрээ бид "анхдугаар зууны зорилтдоо" хүрч чадсан” гэжээ.


Эдийн засгийн өсөлт 

Ши Жиньпиний хэлснээр, Хятад улсын эдийн засаг сүүлийн 10 жилийн хугацаанд ихэд хүчирхэгжиж, түүхэн хурдтайгаар өссөн.


Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын ДНБ 54 их наяд юаниас 114 их наяд юань болж өсөж, дэлхийн эдийн засагт тус улсын эдийн засгийн эзлэх хувь 7.2  хувиар өсөн 18.5 хувь болсон гэж тэрбээр онцлон тэмдэглэв.


ХКН-ын гол зорилго

“Үүнээс хойш ХКН-ын гол зорилго бол бүх талаараа цэцэглэн хөгжсөн орчин үеийн аугаа социалист Хятад орныг цогцлоож, Хятад улсын сэргэн мандалт, шинэчлэлийг бүх талаар ахиулах "хоёрдугаар зууны зорилтод" хүрэхийн тулд Бүх Хятадын ард түмнийг зөв замаар удирдан жолоодох нь ХКН-ын гол зорилго байх болно” гэж Ши Жиньпин хэлээд, шинэ эриний шинэ аяллын замд ХКН-ын гүйцэтгэх үүрэг даалгавар, зорилтуудын талаар намын гишүүддээ тодорхой тайлбарласан байна.


ХКН нь 2020 оноос 2035 он хүртэлх хугацаанд социалист шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлж, 2035 оноос энэ зууны дунд үе хүртэлх хугацаанд чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёлжсон, эв найрамдалтай, үзэсгэлэнтэй бөгөөд орчин үеийн аугаа социалист Хятад орныг цогцлоохыг зорьж байгаа ажээ.


Ард түмний аж амьдралыг сайжруулахуй

Ард түмнийхээ амьжиргааны түвшин, амьдралын чанарыг сайжруулахаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин намынхаа 20 дугаар их хурлын нээлтийн ёслолын үеэр амласан байна.


Ши Жиньпин хэлэхдээ, “Энэ улс орон бол ард түмнийх, ард түмэн гэдэг бол улс орон юм. ХКН нь БНХАУ-ыг байгуулж, хөгжүүлэхийн тулд ард түмнээ удирдан жолоодож, тэдний дэмжлэгийг хүртсээр ирсэн” гэжээ.


Хятад улс орлого хуваарилалтын тогтолцоог цаашид илүү боловсронгуй болгож, илүү их ажил хийсэнд нь илүү их цалин хөлс өгч, шаргуу хөдөлмөрөөр дамжуулан хөгжил цэцэглэлтэд хүрэх болно гэж тэрбээр хэлсэн байна.


Мөн боломжийг тэгш хуваарилж, бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, дундаж орлоготой бүлгийн хүрээг тэлж, ажлын байр олж, үндсэн хэрэгцээгээ хангахад нь ард  иргэддээ тусалж, нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийн хамрах хүрээг илүү өргөжүүлэхэд Хятад улс цаашид онцгойлон анхаарах ажээ.


Үндэсний эв нэгдэл

ХКН энэ шинэ эринд Тайваньтай холбоотой асуудлыг шийдвэрлэх ерөнхий бодлого хэрэгжүүлж, улс орноо нэгтгэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө тууштай хүчин чармайлт гаргана гэж Ши Жиньпин хэлжээ.


Тэрбээр цааш нь ярихдаа, “Тайваньтай холбоотой асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн Хятадын ард түмэнд хамаатай, Хятад улс өөрөө шийдвэрлэх ёстой асуудал. Бид улс орноо тайван замаар бүрэн нэгтгэж, үндэсний эв нэгдлийг хангахын төлөө тууштай хүчин чармайлт гаргана. Шаардлага гарвал "Тайванийн тусгаар тогтнол” гэж яригч гадны хүчнүүд, салан тусгаарлах үзэлтнүүд, улс орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцогчдод хүч хэрэглэхээс татгалзахгүй, байж болох бүх арга хэмжээг авах болно” гэсэн байна. 


Холбоотой мэдээ