Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус байгууламжийн ажил 70 гаруй хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-10-17 11:36:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төвд ажиллаж, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтын явцыг дүгнэж, төр засгаас шийдэх шаардлагатай, тулгамдсан, тодорхой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.


ГТБҮ-ийн бүтээн байгуулалтыг 4 багц ажилд (EPC) хуваан хэрэгжүүлж байгаа. Одоогоор EPC 01 буюу “Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн технологийн бус ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” ХХК 2021 оноос гүйцэтгэж, ажлын явц 70 гаруй хувьтай үргэлжилж байна.


Дараагийн гэрээний багц EPC 02 буюу анхдагч процессийн болон дагалдах байгууламж, EPC 03 буюу үйлдвэрийн цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдэхэд бэлэн болоод байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав.


Мөн тэрээр үйлдвэрийн гүн боловсруулалтын, патенттай технологийн 7 байгууламжийн зураг төсөл, инженерчлэлийн багц боловсруулах ажлууд дуусах шатандаа орж байгааг танилцуулаад уг багц ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2022 онд багтаан зарлахаар ажиллаж байгааг Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК мэдээллээ. 


Шадар сайд С.Амарсайхан EPC 02, 03 багц ажлуудын тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах, төслийн ажилд тулгамдсан бусад асуудлыг энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулах үүрэг өглөө.

 

Холбоотой мэдээ