С.Амарсайхан: Стандартын хэрэгжилтийг судалж, шинэчлэх ажлын хэсэг байгуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-10-18 13:48:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6525 стандарт хэрэгжиж байна.


Үүнээс 744 нь эрүүл мэнд, 645 нь хүнс, хөдөө аж ахуй, 655 нь барилгын салбарт мөрдөгдөж байна. Мөрдөгдөж хэрэгжиж байна гэхээсээ илүү мэдээллийн ил тод байдал, хяналтгүйгээс стандарт зөрчсөн үйлдэл ялангуяа дурдсан 3 салбарт гарсаар байгаа талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчидтэй уулзах үеэр хэллээ. Тиймээс стандартыг хэрэгжүүлэх ажлыг иргэд олон нийтэд таниулан сурталчилж, мэдээлэл хүргэх, хяналтыг иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн оролцоотой хянах нь чухал байгааг онцлов.


Хүн амын эрүүл мэнд, амь нас, цаашлаад үндэсний аюулгүй байдалтай шууд хамаатай салбаруудын стандартыг цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан нэн даруй өөрчилж шинэчлэх, заримыг нь хүчингүй болгох зэргээр цэгцлэх шаардлагатай байгааг чухалчиллаа. Энэ талаар Засгийн газраас салбарын хэмжээнд томоохон шинэчлэл хийхээр зорьж байна гэв. Энэ үүднээс Монгол Улсын Ерөнхий сайдаас энэ оны 10 дугаар сарын 7-нд гаргасан 159 дүгээр тогтоолоор стандартчлал, тохирлын үнэлгээний бодлого, хэрэгжилтийг боловсронгуй болгох, олон улсын түвшинд нийцүүлэх талаар судалж, хууль эрх зүйн орчинг сайжруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж буйг дуулгалаа.


С.Амарсайхан: Байгууллага бүр стандартад өөр өөрийн үзэмж, хандлагаар ханддаг учраас өөр өөр орчин бий болсон. Үүнийг цэгцэлж, шинэчлэхгүй бол энд  бид цаг хугацаа, төсөв  зарцуулж, тэр нь улам ихэссээр байх болно.


Тэрбээр, “Монголчууд бид өөрсдөө юу ч хэрэглэсэн яах вэ гэсэн байдлаар асуудалд хандаж, гадаадад бараа бүтээгдэхүүнээ гаргахаар стандарт, чанарт анхаардаг явдал бий. Энэхүү байдал нь Монгол Улс гаднын улс шиг хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан. Бидний наад захын амьдралд тулгардаг явган хүний зам, нийтийн тээвэр, гэрэлтүүлэг зэрэг бүх зүйл стандарт шаарддаг. Тиймээс энэ асуудлыг цогцоор нь хөндөн шийдэхгүйгээр хөгжил, ая тухтай амьдралын талаар яриад ч хэрэггүй. Бид 20 жилийн өмнөх явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн зам, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан замын асуудлаа өнөөдөр ч ярьсаар л байна. Өөрөөр хэлбэл олон жилийн өмнөх асуудал, орчин байдгаараа л байна. Байгууллага бүр өөр өөрийн үзэмж, хандлагаар ханддаг учраас өөр өөр орчин бий болсныг цэгцлэхийн тулд зарцуулах цаг хугацаа, төсөв ихэссээр байх болно" гэлээ.



С.Амарсайхан: Бид гадаадад гаргаж буй бүтээгдэхүүнээ 100 хувь баталгаажуулаад байдаг хэрнээ дотооддоо хэрэглэж буй бүтээгдэхүүндээ, хэдийгээр стандарт хангасан баталгаатай хэмээн үздэг ч эргэлзээгүй шүү гэдгийг баталгаажуулах ажлаа бүрэн хийж чадахгүй байна.

 

Тэрбээр цааш нь хэлэхдээ, "Үнэнийг хэлэхэд өнөөдөр манайд дотоодын хүнсний бүтээгдэхүүний 10 хувьд л тохирлын үнэлгээгээр стандартын баталгаажуулалтыг хийж байна. Энэ нь дээрх хэмжээнд л хүнсний аюулгүй байдлыг 100 хувь хангаж байна гэдгийг баталж буй хэрэг" гэдгийг тэрбээр тодотголоо. "Бид гадаадад гаргаж буй бүтээгдэхүүнээ 100 хувь баталгаажуулаад байдаг хэрнээ дотооддоо хэрэглэж буй бүтээгдэхүүндээ, хэдийгээр стандарт хангасан баталгаатай хэмээн үздэг ч эргэлзээгүй шүү гэдгийг баталгаажуулах ажлаа бүрэн хийж чадахгүй байна гэв.

 

Мах, махан бүтээгдэхүүний боловсруулалт, экспортын стандарт хангаж буй талаар хэлэхдээ, “Энд үнэхээр стандарт зөрчсөн зүйл байсан уу гэвэл байсан. Үүний дагуу Засгийн газраас тогтоол гарган ажлын хэсэг ажилласан. Өнөөдөр мах боловсруулан гаргаж буй 27 ААН-ээс хоёрхон л стандартаа ханган ажиллаж байна.

Дулааны аргаар боловсруулсан махны экспорт түр хугацаанд зогссон ч хүйтэн хэлхээний аргаар боловсруулсан махыг гадаадад гаргаж, махны экспорт хэвийн үргэлжилж буй”-г хэллээ. 

Холбоотой мэдээ