ЮНЕСКО Фүжи уул руу төмөр зам тавих төлөвлөгөөг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-10-25 14:05:24

ТОКИО. /NHK/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын (ЮНЕСКО) мэргэжилтнүүд Японы хамгийн алдартай уул болох Фүжи рүү төмөр зам тавих эрх баригчдын төлөвлөгөөг дэмжлээ гэж тус улсын үндэсний телевиз мэдээлжээ. 


Энэхүү төлөвлөгөө нь жуулчдын их урсгалаас үүдэн бүс нутагт учрах хохирлыг бууруулах зорилготой юм. 


Японы үндэсний телевизээр мэдээлснээр, орон нутгийн засаг захиргаа холбогдох захидлыг ЮНЕСКО-гийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын зөвлөлөөс (ИКОМОС) хүлээн авчээ. Энэхүү байгууллага нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн газруудын ач холбогдлыг үнэлэх чиглэлээр ажилладаг байна. 


Фүжи уулын зэргэлдээ орших Яманаши мужийн захиргаа уулын бэлээс 2.3 мянган метрийн өндөрт оршдог "Тавдугаар станц" руу төмөр зам тавих төлөвлөгөө боловсруулжээ. Одоо тийшээ зөвхөн авто замаар л хүрдэг бөгөөд аялал жуулчлалын улиралд автомашин, автобусны түгжрэл үүсэж, утаа хүрээлэн буй орчныг бохирдуулдаг байна. ИКОМОС захидалдаа байгаль орчны олон асуудлыг шийдвэрлэх төмөр замын энэхүү төлөвлөгөөг сайшаажээ. Үүний зэрэгцээ уг төсөлд олон нийтийн дэмжлэг шаардлагатай байгааг онцолсон байна.


Японд Фүжи уул руу төмөр зам тавихыг эсэргүүцэгчид бас байгаа бөгөөд тэд чухам төмөр зам тавибал уулын одоогийн өнгө төрхийг сүйтгэнэ гэж үзэж байгаа ажээ. 


3776 метр өндөр энэхүү унтаа галт уул руу цар тахлаас өмнө жил бүр 400 мянга гаруй хүн "Тавдугаар станц"-аас явганаар авирдаг байжээ. Энэ уулыг 2013 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад Японы соёлд ихээхэн нөлөө үзүүлсэн дурсгалт газар хэмээн бүртгэсний дараа тэдний тоо эрс нэмэгдэж эхэлсэн байна. Хэдийгээр авирагчдын ихэнх нь цэвэрхэн аялдаг ч алдартай галт уулын энгэрт хог хаягдал ихэсэж, цэвэрлэхэд маш их хөрөнгө шаардагддаг болжээ. Фүжи уул хамгийн сүүлд 1708 онд дэлбэрсэн байна. 


Холбоотой мэдээ