Р.Сунак олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээхээ амлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-10-26 09:12:52

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдсоныхоо дараа Риши Сунак олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээхээ амлажээ.


Мягмар гарагт Р.Сунак Букингемийн ордонд хаан III Чарльзад бараалхсан юм. Хаан түүнээс дараагийн Засгийн газрыг эмхлэн байгуулахыг хүссэн бөгөөд тэрбээр анхны Ерөнхий сайдыг томилсон нь энэ юм.


Ингэснээр Р.Сунак нь Их Британийн Ерөнхий сайдаар сүүлийн хоёр сар хүрэхгүй хугацаанд томилогдсон гурав дахь хүн болж байна. Өдгөө 42 настай тэрбээр улсынхаа 200 гаруй жилийн түүхэн дэх хамгийн залуу удирдагч болж байгаагаас гадна анхны Ази гаралтай Ерөнхий сайд болж байгаа юм.


Р.Сунак Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ, улс орныхоо эдийн засгийг сэргээн босгохоо амлажээ. “Манай улс эдийн засгийн гүн хямралтай нүүр тулж байна. “COVID-19”-ийн үр дагавар өнөөг хүртэл үргэлжилсээр байгаагаас гадна В.Путиний Украин дахь дайн дэлхийн эрчим хүчний зах зээл, нийлүүлэлтийн сүлжээг тогтворгүй болгоод байна” гэж тэрбээр хэлсэн байна.


Түүний мэдэгдсэнээр, шинэ Засгийн газар эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоход анхаарал хандуулна. Их Британид инфляц сүүлийн хэдэн арван жилд байгаагүй өндөр түвшинд хүрээд байгаа юм. Тэрбээр өмнөх Ерөнхий сайдын гаргасан “алдааг” хүлээн зөвшөөрөөд, түүнийг залруулах ажлыг нэн даруй эхлүүлнэ гэдгээ амлажээ. 

Холбоотой мэдээ