ХОВД: Бүтээн байгуулалтын чанар, хяналтыг сайжруулахыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-27 17:59:03

Ховд /МОНЦАМЭ/. Нутгийн өөрөө удирдах байгууллагын  үйл ажиллагаа, харилцааг зохицуулах гол хууль бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.  

Уг хуулийн дагуу Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу аймаг, сумын ИТХ, багийн иргэдийн нийтийн хурал нь “тэргүүлэгч” гэдэг бүтэцгүй болж, зөвлөлтэй ажиллахаар болсон төдийгүй Нийгмийн бодлогын хороо, Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн хороо, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хороо, Төсвийн хяналт, эдийн засгийн хороо зэрэг долоон хороог байгуулж, тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдөр уг хороодын өдөрлөгийг зохион байгуулж, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хамтарсан баг бүрэлдэхүүн  Жаргалант суманд хийж байгаа томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудтай газар дээр нь очиж танилцлаа.


                          Жаргалант сум 2022 онд 2 тэрбум гаруй төгрөгийн төсөв батлуулжээ  


Жаргалант сумын тухайд 2022 онд 2 тэрбум гаруй төгрөгийн төсөв батлуулж, орон нутгийн хөгжлийн сангаараа дамжуулан 63 төсөл, хөтөлбөр, ажил, арга хэмжээг тодорхой үe шаттай хэрэгжүүлж байна.  

Усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн, Буянт голын зуслангийн бүс, нийтийн эзэмшлийн зам засварлах зэрэг зарим бүтээн байгуулалтын ажлын чанар, хяналт, хадгалалт хамгаалалтын асуудал хангалтгүй гэсэн үнэлгээтэй байгаа тул цаашид бүтээн байгуулалт,  хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөлөө.   

Тодруулбал, хороодын нэгдсэн хурлыг зохион байгуулж, төв зах орчмын тохижилт үйлчилгээг сайжруулах, бие засах газрын асуудлыг шийдвэрлэх, зарим цэгт  хатуу  хучилттай зам барих, нийтийн эзэмшлийн цэцэрлэгт  хүрээлэнд гэрэлтүүлэг хийх, бусад бүтээн байгуулалт, тохижилтын ажлын хяналт, гүйцэтгэлийн чанарыг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллах тухай зөвлөмж, санал гаргав.   

Энэ үеэр шинэ суурьшлын бүсэд төлөвлөлт, зохион байгуулалтыг сайн хийх, орон нутгийн хөгжлийн сангаар хийж буй бүтээн байгуулалтын ажлын арчлалт хамгаалалт болон урсгал засварын зардлыг бодлогоор төсөвт суулгах, хяналт шинжилгээ-үнэлгээний тогтолцоог илүү боловсронгуй болгох, бүтээн байгуулалт өрнөж буй газарт тухайн ажлын талаарх мэдээллийн самбарыг байршуулж хэвших зэрэг олон асуудлыг төлөөлөгчид хөндлөө. 

 

 

Холбоотой мэдээ