Д.Нямбилэг чөлөөт бөхийн ДАШТ-ийг сурвалжилсан 2 дахь номоо гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-09 16:02:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сербийн нийслэлд болсон "Белград 2022" чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д оролцох Монголын баг тамирчид сонгогдохоос эхлээд медаль авах хүртэлх спортын ховор агшин, сонирхолтой мэдээ мэдээллийг нэгтгэсэн "Баярлаж, бахархсан Белград 2022" номын нээлт өнөөдөр /2022.11.09/ боллоо.

 

Энэхүү номын нээлтэд Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны удирдлага, шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/МССХ/-ны гишүүд, спортын сэтгүүлчид оролцов.

 


Тус номыг 2021 онд Ослогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай өгүүлэх "Огшиж омогшсон Осло-2021" номыг бүтээгч, МҮОХ-ны гишүүн, МССХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Д.Нямбилэг Zindaa.mn сайтын Спортын албаны редактор, спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ нар хамтран бүтээжээ. Тэд хамтдаа Белградад болсон ДАШТ-ийг сурвалжилсан юм.

 

Тамирчдын сэтгэл хөдлөл, нандин агшинг буулгасан гэрэл зураг болоод тухайн үеийн тамирчдын сэтгэлзүйг өгүүлэх амьд яриа гэдэг спортын салбарынханд түүхийн баримт болон мөнхрөн үлддэг.


 

Нэгэн цагийн чөлөөт бөхийн спортын түүхийг бичиглэн үлдээсэн "Баярлаж, бахархсан Белград 2022"  номын талаар Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар "Аливаа спортын нэгэн ДАШТ-ээр дагнасан ном товхимол Монголд урьд өмнө нь гарч байгаагүй. Д.Нямбилэгийн "Огшиж омогшсон Осло" ном анх удаа бичиж суурийг нь тавьж байсан бол өнөөдөр "Баярлаж, бахархсан Белград 2022" номоор үргэлжилж байна. Цаашид ч зам шулуудан 2023, 2024 гэхчилэн буухиалан үргэлжлэх болтугай. Энэ ном бол Монголын спортын сэтгүүлчдийн хамтдаа бүтээсэн нэгэн түүх юм" хэмээн тодотгосон юм.

 


Номын нээлтийн үеэр 2 удаагийн ДАШТ-ийг амжилттай сурвалжлан, тэмцээний товхимол ном хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгосон гэрэл зурагчин Д.Нямбилэгийг Монголын чөлөөт бөхийн холбооны дээд шагнал "Ялалт" одонгоор шагнаж, урамшуулжээ.





Холбоотой мэдээ