ДУНДГОВЬ: Гар урчуудын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, шавь сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-09 17:30:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд өнөөдөр аймгийн Музейд “Гар урчуудын бүтээлийн үзэсгэлэн”-г нээлээ.

Үзэсгэлэнд 5 сумын 20 гаруй урчуудын эсгий бүтээгдэхүүн, монгол дээл, зүү ороож урласан даалин, ширэн бүс, зээгт наамал, хатгамал, ширэн бүтээгдэхүүн, сийлбэр, гөлөм зэрэг 190 бүтээл дэлгэжээ.

Үзэсгэлэнг өнөөдрөөс энэ сарын 18 хүртэл иргэдэд танилцуулах бөгөөд 1) монголын уламжлалт модон эдлэлийн урлал, 2) монгол дархны урлал, 3) арьс ширэн урлал, 4) уламжлалт эсгий урлал, 5) уламжлалт уран хатгамал, оёдлын урлал гэсэн таван төрлөөр шилдгүүдээ шалгаруулж урамшуулах ажээ.

Түүнчлэн тус Музей соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчидтай хамтран шавь сургалтуудыг зохион байгуулж байна. Өнөөдөр өвлөн уламжлагч, ахмад настан Д.Сумьяа “утас ээрэх, томох”, уран хатгамалч Б.Эрдэнэтогос “Зоос ширээний 16 утасны сүлжмэл, зүү ороох” сургалтуудыг явуулж, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн сурагчид оролцжээ. 

Холбоотой мэдээ