Хог хаягдлыг дарж булах ажлын зардлыг шинэчлэн батлахыг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-15 09:51:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвлөрсөн хогийн цэгийн хог хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах ажлын зардлыг шинэчлэн батлахыг Эдийн засаг, төсвийн хороогоор хэлэлцлээ. 


НИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны Үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай” тогтоолоор төвлөрсөн хогийн цэгт 1 тн хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах зардлыг 2080 төгрөгөөр тогтоосон. Энэ тогтоолоор батлагдсан тарифын дагуу өнөөг хүртэл нийслэлийн төвлөрсөн 4 хогийн цэгийн /Цагаан даваа, Нарангийн энгэр, Морин даваа, Налайх дүүргийн төвлөрсөн хогийн цэг/-н үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлж ирсэн. Харин гадаад валют, шатахуун, цахилгааны үнийн өсөлт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зэргээс хамаарч хог хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах ажлын зардлыг 4350 төгрөгөөр шинэчлэн батлах тухай санал гаргалаа. 


Нийслэлд жилд 1,5 сая тонн хог хаягдал үүсэж, үүний 86,6 хувийг дарж, булж устгадаг. Төвлөрсөн цэгт ирж буй хог хаягдлын 15 хувь нь барилгын, 25 хувь нь үнс байгаа бол ахуйн хог хаягдал 60 хувийг бүрдүүлж байна.

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид “Албан хаагчдын цалин бага, хүрэлцээ муу. Хог тээвэрлэлтийн механизмын техник хэрэгслийг сайжруулах, тээврийн хэрэгслийн парк шинэчлэлд ямар бодлого баримталж байгааг лавлалаа. Мөн хог шатаах үйлдвэрийн талаар тайлбар хүслээ. 



Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хариулахдаа, “Хог шатаах үйлдвэрийн хувьд цахилгаан, дулаан, газ гаргана гэсэн 3 зарчим бий. Цахилгаан гаргана гэж тооцоолж байна. Хог хаягдлыг түрж, дарж булах ажлын зардлыг шинэчлэн баталснаар ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж нэг өдөрт ногдох цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй ажилчдын нийгмийн баталгаа хангагдана. Мөн НИТХ-ын 2006 онд баталсан аргачлалыг өөрчилснөөр шатахууны үнийн зөрүүний алдагдалд орохгүй, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ сайжирч, авто парк шинэчлэлийг үйл ажиллагааны зардлаас шийдэх нөхцөл бүрдэнэ” гэв. Энэ асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэнийг НИТХ-ын ХМТ мэдээллээ.

 

Холбоотой мэдээ