ӨВ СОЁЛ: Д.Хорлоо: Уртын дууг дуулахад бүх мэдрэхүй тайвширч, амар амгаланг мэдэрдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-21 12:37:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Биет бус Соёлын өв тээгч, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын ахмад уран бүтээлч, МУСТА, Уртын дуучин Дүгэрийн Хорлоотой ярилцлаа. 


-Уртын дуугаар хэдий үеэс дагнан уран бүтээлээ хийж эхлэв? Уртын дууны аль аялгуугаар та дуулдаг вэ?

-Би анх 1986 онд наймдугаар анги төгсөхдөө дуу хөгжмийнхөө багшаар “Зээргэнтийн шил” гэдэг дуу заалгаж сураад, уртын дуунд дурлаж байсан. Уртын дууг боржгин, төв халх, баян бараат зэрэг олон ястны аялгаар янз бүр дуулдгаас миний хувьд Төв халхын аялгуугаар дуулдаг. Ихэнх аймгууд төв халх аялгуугаар дуулдаг, тэр дундаа Өвөрхангай, Баянхонгор аймгууд голчилдог.


-Ямар сэжмээр уртын дуутай холбогдов. Ураг удамд тань дуулдаг улс байв уу?

-Ээж маань их сайхан дуулдаг хүн байлаа. Ээжийнхээ дуулахыг сонсож өссөн. "Шалзат баахан шарга", "Хүрэн толгойн сүүдэр", "Цомбон туурайт хүрэн" зэрэг дууг их дуулдаг байсан. Миний хувьд яг уртын дуу дуулдаг болъё гэж бодож байгаагүй ээ. Тэр нэг жил багшаараа заалгаад, багаасаа ч сонсож өссөн болохоор сэтгэлд ойр байж нэгэнт татагдсан хэрэг байх. Ер нь хүн биеэр туулж мэдэрсэндээ илүү татагддаг шиг байгаа юм. Багад сонссоор байдаг л зүйл гэж бодсон ч юм уу нэг их ойшоож байгаагүй ч өөрөө сурснаасаа хойш өөр болсон шүү.


Яг л ээж болж байж ээжийгээ илүү ойлгодог гэдэг шиг, дуулж үзэж байж уртын дуунд дурласан байдаг.


-Тэгэхээр уртын дууг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд тухайн дууг зааж сургах нь чухал гэх өнцөг харагдаж байна.

-Яг тийм. Энэ ч утгаар миний бие аймагтаа уртын дууны сургалтыг хичээллүүлж байлаа.


-Нийтийн дууг гэхэд үзэгчид дагаад, түрээд л дуулчихдаг. Уртын дууг тэр бүр мэддэггүй шүү дээ. Нийтэд хэрхэн түгээн дэлгэрүүлж болох вэ?

-Сонирхолтой л холбоотой байх даа. Сонирхол нь байгаа бол сурах нөхцөл боломж хэнд ч нээлттэй шүү дээ. Бид бүгд аймаг аймагтаа энэ төрлийн сургалт зохион байгуулахад санаснаас ч олон хүн ирдэг. Ковидын цар тахлаас хойш энэ үйл ажиллагаа тасарчихаад байна. Одоо явуулъя гэхнээ хөрөнгө мөнгө, байр савны асуудал бэрхшээлтэй болчихоод байна л даа. Энд тэнд түрээсийн байр хайхаар үнэ ихтэй, аймаг орон нутгаас дэмжлэг байхгүй учир хүндрэл ихтэй. Уг нь аймаг орон нутаг дэмжээд өгвөл их л дэмтэй юм даа.


-Ингэхэд удирдлагуудад хандаж үзсэн үү?

-Энэ удирдлагуудад хандаж үзээгүй. Цар тахалтай холбоотой олон нийтийн үйл ажиллагааг хорьсон байсан учир ямар нэг алхам хийгээгүй. Харин өмнөх удирдлагуудад бол хандаж байсан. ИТХ-ын дарга байхдаа Г.Батжаргал аймгийн Уртын дуучдын уралдааныг ивээн тэтгээд явуулж байсан. Уг нь тус уралдааныг хоёр жил тутамд зохион байгуулъя гэсэн тов байсан юм. Ер нь сургалтаас гадна уртын дууны уралдаан гээч зүйлийг тогтмолжуулчихвал тэндээс их сайхан дуулдаг улс гарч ирдэг байхгүй юу. Өөр өөрийн хэв маягтай дуучид гарч ирдэг.


-Уртын дууг монголчууд хэрхэн яаж өвлөж ирсэн, цаашид хэрхэн яаж хөгжүүлэх талаар таны бодол?

-Уртын дуу гэдэг бол монгол хүний аж амьдрал, зан үйлийн дундаас л үүдэлтэй. Уургаа бариад, морио унаад, адуугаа хураагаад явахдаа ч юм уу аялж явж л дээ. 1978 онд аймгийн Хөгжимт драмын театрт орж байх үед СУИС гэж байсангүй, УБИС-ийн дуулаачийн анги гэж байлаа. Тэнд Уртын дууны анги ч гэж байсангүй. Сүүлд Уртын дууч, МУАЖ Н.Норовбанзад багш маань СУИС-д Уртын дууны нэг анги нээгээд хичээллүүлж эхэлсэн байдаг. Ийнхүү танхимаар уртын дууг зааж сургаж эхэлсэн нь өвлөн уламжлах том ажил болсон гэж боддог. Бидний үед бол нэг сар юм уу, 45 хоногийн курсийг хэн нэг уртын дуучинд дагалдан сурч байсан. Одоо бол уртын дууг сурах, өвлүүлэх боломж бүх нөхцөлөөр хангагдсан байна.



-Уртын дууг хэдий хэр насны хүмүүс дуулах боломжтой вэ? Хүүхэд байлаа гэхэд хоолойны цар хүрээ хэдэн наснаас уртын дуу дуулахуйц болдог, настан байлаа гэхэд хэдэн нас хүртлээ дуулж чадах талаар?

-Нас бол нарийн тогтоох боломжгүй л дээ, тухайн хүний чадвараас бас их шалтгаална. 3, 4 дүгээр ангийн хүүхдүүд сурчихсан л байдаг, 80 гарсан буурай ч цангинуулж л байдаг. Манай Уртын дууч, МУАЖ Н.Норовбанзад багш хэлэхдээ уртын дуучин хүний хоолой 50 наснаас хойш илүү тогтдог гэж хэлдэг байсан, нээрээ тийм юм гэдгийг би бас мэдэрсэн.


-Та хэчнээн хүнд уртын дууг зааж сургав. Мөн таны шавь нараас хамгийн ахмад болоод нас залуу шавь гэвэл?

-Аймгийн төвийн есдүгээр багийн өндөр настан Цэвэлмаа гэж 70 гарсан эмэгтэй сурсан байгаа. Хамгийн залуу нь ЕБС-ийн дөрөвдүгээр ангийн сурагч байсан юм байна. Нийтдээ 100 гаруй шавьтай, ахмад голцуу улс бий. Багадаа надаар заалгаж уртын дуу сурч байсан хүүхдүүд түүнийгээ ажил мэргэжил болгоод дуучин болсон байхыг харах сайхан байдаг. Түмэн эх чуулгын дуучин Содном, аймгийн Хөгжимт драмын тетрын Уртын дуучин Өсөхбаяр, Шуранхайн Номин-Эрдэнэ зэрэг шавь нараараа бахархдаг.


-Монгол уртын дуу соёлын өв болж баталгаажсаны үнэ цэн, ач холбогдол юу вэ?

-Маш чухал зүйл шүү. Ихэд баярлаж хүлээж авсан. Одоо манай уртын дууны холбоо дорвитой ажилламаар байгаа юм. Хотод байгаа хэдэн дуучдаа л гэхээс эх орныхоо өнцөг булан бүрт байгаа өв тээгчдээ төдий л анхаардаггүй. Орон нутагт байгаа өөрийн гэсэн арга барилтай сайхан уран бүтээлчдээ таниулах зэрэгт анхаарахгүй байгаад сэтгэл дундуур явдаг.


-Таны ярианд өөрийн гэсэн арга барил гэдэг үг нэлээд давтагдаж байна?

-Уртын дууны өв тээгчдийн хувьд маш чухал зүйл дээ. СУИС-ийн Уртын дууны анги гэхэд сургалтын арга барилаараа ижил маягтай дуучид төрж байна уу гэж хардаг. Ц.Чулуунцэцэг, С.Нэргүй, Ш.Чимэдцэеэ зэрэг дуучдын “хувилбарууд” гараад байгаа шиг санагддаг. Багш техник ажиллагааг зааж, суралцагч өөрийн арга барилыг олж нээж дуулах хэрэгтэй байгаа юм. Хуучин цагт радиогоор дуу сонсоход “Аа энэ Б.Лхамжав гуай дуулж байна, Ж.Дорждагва гуай дуулж байна, Н.Норовбанзад, н.Сүглэгмаа гуай байна” гээд таньдаг байсан. Одоо бол дуу хоолойгоор нь дуучныг таних боломж хомс болсон байна.


Дуучин бүрийн шуранхай, цохилго гээд өөрийн онцлог байх л ёстой юм. Өөрөө өөртөө тохируулж, өөртэйгөө ажилласан хувилбар их чухал.


-Уртын дууг дуулахдаа ямар мэдрэмж авдаг вэ?

-Бүх мэдрэхүй тайвширч, амар амгаланг мэдэрдэг. Эрт үед уртын дууны аяар хүүхдээ бүүвэйлдэг байсан, түүнтэй холбоотойгоор уужуу тайван хүн болж төлөвшдөг байсныг үнэн гэж боддог.



-Тэгвэл орчин цагийн үзэгчид хэр хүлээж авч байна. Та тэндээс юу мэдэрдэг вэ?

-Дундаас дээш үеийнхэн Уртын дууг сайхан хүлээж авдаг. Харин залуу сонсогчид янз бүр. Сайхан хүлээж авах нь ч бий, ойшоохгүй нь ч бий.


-Дуулахад хамгийн их ур шаардсан дуу гэвэл та юуг нэрлэх вэ?

-Тэр болгон дуулаад байдаггүй дуу бол Түмэн эх. Нэг ч их хүн дуулж бичүүлээгүй байдаг.


-Эмэгтэй хүн дуулж болохгүй дуу гэж байх уу?

-Бараг үгүй дээ. “Идэр жинчин”, “Эр бор харцага” гэдэг дууг эмэгтэй хүн тэр бүр дуулдаггүй. Гэхдээ дуулахад харшлаад байх зүйлгүй байх.


-Хамгийн урт дуу юу байдаг вэ?

-“Бор борын бялзуухай” гэхэд гучин хэдэн бадагтай. Ер нь уртын дуунууд маш урт л даа. Тухайн концерт, үйл ажиллагааны цаг хугацаанаас шалтгаалаад 1-2 түрлэг л явчихаад байдаг талтай. Бусад бадгийг хүмүүс битгий хэл дуучид нь ч бараг мэдэхгүй тохиолдол цөөнгүй.


-Уртын дууг гадаад хүн сурах боломжтой юу?

-Боломжтой. Би ӨМӨЗО-д жил шахуу багшилсан. Өвөрмонгол эхнэртэй нэг хятад эрэгтэй бол уртын дууг их сайн сурсан шүү. "Асрын өндөр" гэдэг дууг их сайхан дуулж сурсан.


-ӨМӨЗО-д багшилж байсан талаараас дэлгэрүүлэхгүй юу?

-ӨМӨЗО-д болсон Уртын дуучдын уралдаанд мэргэжлийн дуучдын гуравдугаар байрт шалгарч байсан юм. Ардын авьяастан 12, мэргэжлийн 12 дуучин явж уралдаанд оролцож байсан. Тухайн үед ӨМӨЗО-ны “Баатар язгуур” гээд сургууль санал тавиад хэсэг багшилж байлаа.


-Уртын дуу, дуучин, морин хуурч нийлж нэгэн цул болдог. Тэгвэл өнөө цагт уртын дууг орчин цагийн хөгжмийн зэмсэгтэй хоршин дуулах болсон байна. Энэ талаар таны бодол?

-Таашаадаггүй.


Монголын өв шүү дээ. Монгол сонгодог зүйлийг эрлийзжүүлэх хэрэггүй л гэж. Хэдийгээр хориглох зүйл биш ч, үндэсний гэх тодотголоо илүү барьж эх хувиар нь үлдээгээсэй л гэж боддог юм.


-Уртын дууг өдгөө үг ая хийж зохиох боломжтой юу?

-Боломжтой. Миний багш Ч.Намжилын зохиосон таван уртын дуугаар жишээлж болно. “Хүний мөс” гэж дуу нь миний дуулснаар Баянхонгорын брэнд шахуу болоод л явж байна. Их богд, Төрийн сүлдэндээ мөргөмү, Ноён хайрхан зэрэг дуутай. Өөрийнх нь нэрэмжит уралдаанд сугалж дуулах шатанд оруулсан байсан нь нэлээд түгэн дэлгэрүүлсэн.


-Урын санд тань хэчнээн дуу байна вэ?

-80-аад дуу бий. Түүнээс 20-иодыг нь өөрийн болгож дуулсан.


-Таны хамгийн их дуулсан дуу юу гэвэл?

-Уяхан замбуутивийн наран, Урьхан хонгор салхийг их дуулдаг.


-Тухайн соёлын өвийг хадгалах, дэлгэрүүлэх ажил ямар хэмжээнд байна гэж хардаг вэ?

-Хангалтгүй гэж хардаг. Сүүлийн үед бараг уртын дуугүйгээр наадам эхэлдэг болсон байна шүү дээ.


-Баянхонгор аймаг дотроо уртын дууч, ардын авьяастан олонтой, тухайн өвийг илүү дөнгүүр тээж яваа гэж ялгарах сум бий болов уу?

-Баянцагаан сум дуучид сайтай. Хурим найрын эхэндээ “Цагааны цоохор” дууг заавал дуулдаг уламжлалтай юм билээ. Бүтэн бадгаар бүрэн дуулж эхлүүлдэг. Хурим нээж дуулж өгнө үү гэж урьдаг, тэгээд заавал өөрсдөө “Цагааны цоохор”-оо дуулж эхлүүлчихээд, уран бүтээлчээрээ дуулуулж албан ёсоор найраа эхэлдэг онцлогтой юм билээ. Суманд болсон, төвд болсон аль ч хуримдаа ийнхүү уламжлалаа дагаж заншсан байдаг нь олзуурхууштай.


-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ