Л.Оюун-Эрдэнэ: Экспортын шинэ гарц Зүүнбаян-Хангийн төмөр замыг 8 сарын хугацаанд ашиглалтад орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-11-25 12:19:07
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэллээ. 


Тэрбээр хэлсэн үгэндээ,

Эрхэм монголчууд аа…

Монгол Улстай түншлэн ажилладаг олон улсын болон бүс нутгийн итгэлт түншүүд, хүндэт хөрөнгө оруулагчид аа…

Монгол Улс өнөөдөр Шинэ сэргэлтийн бодлогын нэг жилийн ойн босгон дээр Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг найман сарын дотор бүрэн дуусгаснаа зарлаж байна.


Болгоё гэвэл арга, болгохгүй гэвэл шалтаг олддог гэдэг үг бий. Улсын орны экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км  төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард дууссан. Гэтэл бараг адилхан урттай Ханги-Мандалын 226.9 км төмөр зам найман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын хоёрхон улиралд дуусаж болдгийг өнөөдөр хамтдаа харлаа.


Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт энэ хурдаар явсан  бол өнөөдөр Монгол гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарчихсан байх байсан. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг. Ийм харамсалтай алдааг бид дахин хэзээ ч давтах ёсгүй ээ.


Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дэнсэлж, засаж залруулахын төлөө, цар тахал, дайны хүнд цаг үеийг давж эдийн засгаа сэргээн тогтворжуулахын төлөө, улс орны эдийн засаг, иргэдийн амьдралын чанарыг богино хугацаанд дээшлүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг бүрэн дуусгаж, бодит үр дүнд хүргэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа.


Өнөөдөр монголчууд бид ажил эхлүүлж богино хугацаанд бүрэн дуусгаж чаддаг гэдгээ олон улсад нотлон харууллаа. Энэ бүтээн байгуулалт Монгол Улсыг олон талаар эергээр ойлгуулж, хөрөнгө оруулалтын орчинд томоохон нөлөөлөл үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.


Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, УИХ-ын эрхэм гишүүд, аймаг, орон нутгийн удирдлага бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулахын төлөө өдөр, шөнөгүй хичээн зүтгэсэн үндэсний 120 гаруй аж ахуйн нэгж, инженер, техникийн 600 гаруй ажилчин, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, 3000 гаруй оюутан залуучууд, нутгийн иргэд, малчдадаа Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд гүн талархал илэрхийлье.


Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон нь Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг монголчууд бид бүтээн байгуулж чадсан гэдэг агуулгаараа түүхэн ач холбогдолтой төсөл юм.


Ханги Мандалын боомтыг төмөр замаар холбосноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэх боломж бүрдэнэ.


Ханги Мандалын төмөр замын шинэ гарц хоёр дахь Замын-Үүд,  хоёр дахь Гашуунсухайт билээ. Нэг үгээр хэлбэл, боомилогдсон боомтын зангилаа энэ бүтээн байгуулалтаар тайлагдаж эхэлнэ гэсэн үг. Ингэснээр 2023 онд экспортын орлого анх удаа 11 тэрбум ам.долларыг давах болно. Бусад төмөр замын гарцууд нээгдсэнээр монголчууд бидний олон жил хүлээсэн үзүүлэлтүүд 2050 онд биш, 2040 онд биш, 2030 онд ч биш ердөө ирэх 4-5 жилийн дотор боомтын боймыг тайлснаар ирэх бүрэн боломжтой.


Цар тахлаас улбаалж эдийн засаг -4.6 хувиар агшсан, дайны нөхцөл байдлаас үүдэж үнийн өсөлт үүсэж, ханшийн савалгаа үүссэн хүнд цаг үед “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн бодлогыг дэмжиж, төр-хувийн хэвшлийн түншлэлээр төсвөөс санхүүжилтийн дэмжлэггүйгээр, нэмэлт өр үүсгэхгүйгээр энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг хийж чадсан Та бүхнээр Монгол Улс бахархаж байна.


Эдийн засгийн бие даасан байдал, тусгаар тогтнолын төлөөх "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүнд, томоохон ачаа тээсэн жингийн цуваа ямар ч бэрхшээлийг үл тоож шантралгүй бас зогсолтгүй зүтгэсээр байх болно оо.  


Монгол ахан дүүс минь, өргөн олон түмэн минь “Шинэ сэргэлтийн бодлого”-оо уухайлан дэмжиж, хүрээлэн хамгаалж, хамтран ажиллахыг дахин хүсье.

 

Мөнх тэнгэрийн хүчин дор

Монгол Улс сэргэн мандах болтугай гэлээ.


Холбоотой мэдээ