АРХАНГАЙ: Тариат суманд ОБГ-ын Эрэн хайх, аврах бүлэг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-25 14:26:21

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Архангай аймгийн Тариат суманд байгуулсан Эрэн хайх, аврах бүлгийн нээлт болж, үйл ажиллагаа нь албан ёсоор эхэллээ. 


Эрэн хайх, аврах бүлэг нь Сум дундын эмнэлгийн амбулаторийн зориулалтаар ашиглаж байсан барилгыг аймгийн ИТХ-ын тогтоолоор ашиглахаар болж улмаар Онцгой байдлын ерөнхий газар, орон нутгийн дэмжлэг, өөрсдийн нөөц боломжоор нийт 140 сая төгрөгийн хөрөнгө оруулталтаар тохижилтыг хийжээ. 


Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн хэлсэн үгэндээ “Тариат сум нь Монгол Улсын баруун чиглэлийн төв зам дайран өнгөрдөг аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг. Жилд дунджаар 8-10 мянган гадаад, дотоодын жуулчид ирдэг онцлогтой. Эрэн хайх, аврах бүлэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр өөрийн сум болоод Тариат, Цахир, Хангай, Чулуут, Өндөр-Улаан сумын иргэдийг болзошгүй аюулт, үзэгдэл ослоос авран хамгаалаад зогсохгүй гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх боломж бүрдэж байна. Түүнчлэн Тариат сумын иргэдээс сонгон шалгаруулалтаар 8 залууг томилон үүрэг гүйцэтгэж байгаа нь орон нутагт ажлын байрыг бий болгож, нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм” хэмээн онцолжээ.


Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Архангай аймгийн Засаг даргын зөвлөх Г.Алтан-Очир, Тариат сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Өлзиймөнх, Архангай аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Цэрэндорж болон сум, орон нутгийн удирдлага, иргэд, Онцгой байдлын газрын алба хаагчид оролцсон байна.





Холбоотой мэдээ