Зургаан аймаг, гурван дүүрэг хүн амаа 20 хувиар нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-30 14:50:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай тогтоолыг баталжээ.


Тогтоолын хүрээнд Улаанбаатараас орон нутаг руу шилжин суурьших иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих чиглэлээрх хуулийн төслийг боловсруулахаар тогтсон байна. Мөн аймаг тус бүр цаашид төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх чиглэлд анхаарах, цаашлаад аймгууд хүн амаа 10 хувиар нэмэгдүүлэх, төсвөө бие даан бүрдүүлдэг Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг хүн амаа 20 хувиар нэмэгдүүлэх, мөн Улаанбаатар дахь төсөвт байгууллагууд ажилтан, албан хаагчдынхаа 10 хувийг орон нутагт шилжин ажиллуулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах байдлаар нэгтгэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгох замаар дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд тусгагдсан байна.


Нөгөөтэйгүүр аймгуудын удирдлагууд хүн амыг татан төвлөрүүлэх үүргийг хүлээх ба өөрөөр хэлбэл, өөрөө өөрсдөө орлогоо татан төвлөрүүлдэг болоход анхаарч ажиллах ба орлогоо төвлөрүүлж чадаагүй тохиолдолд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар Засгийн газраас дэмжлэг үзүүлэх аж. 

Холбоотой мэдээ