СЭЛЭНГЭ: Д.Баянмөнх: “Сэлэнгийн брэнд” бүтээгдэхүүний батламж нь бизнест маш том үнэлгээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-30 18:39:32

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Мөнх шүтээн” ХХК-ийн годон гутлыг  “Сэлэнгийн брэнд” бүтээгдэхүүнээр тодруулж, батламж олголоо.

 

Энэхүү үнэлэмжийг авч буй нөхцөл нь “Орон нутгийн онцлог шинжид тулгуурлан, орчин үеийн болон уламжлалт технологиор бүтээгдсэн, өрсөлдөх чадвартай, тогтвортой үйл ажиллагаа явуулж хэрэглэгчийн таашаалд нийцсэн” үзүүлэлтийг хангасан явдал юм.

 

Т“Мөнх шүтээн” ХХК-ийн hand made годон гутлын үйлдвэр нь энэ жил “Timberland шинэ загварын гутал үйлдвэрлэсэн нь хэрэглэгчдийн таашаалд ихээхэн хүрчээ. Ингээд тус компанийн захирал Д.Баянмөнхтэй ярилцсанаа хүргэе.

 

-Юуны өмнө хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж, “Сэлэнгийн брэнд” бүтээгдэхүүний батламж гардан авсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Маш их баяртай байна. “Сэлэнгэ гутал”-ын үйлдвэр 15 жилийн турш годон гутал оёж, үйлдвэрлэн олон нийтэд үйлчилсэн. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүний батламж авлаа. Хамт олондоо баярлалаа.

  

Энэ бол Сэлэнгэ аймгийнхаа нэрийг гаргаж чадсан бүтээгдэхүүн боллоо гэж үзээд төр засгаас үнэлж, брэнд бүтээгдэхүүнээр баталж өглөө. Бизнесмэн хүнд энэ бол маш том шагнал, юутай ч зүйрлэшгүй чухал үнэлгээ гэж бодож байна.

 

-Мэдээж ард нь чанар, хэрэглэгчдийн үнэлэмж оршиж байгаа. Компани хэдэн ажилтантай вэ? Дан гар аргаар үйлдвэрлэлээ явуулдаг гэсэн үү?

 -Манай компани 12 ажилтантай, дан гараар үйлдвэрлэлээ явуулдаг. Анх 15 жилийн өмнө годон гутлыг хувиараа оёж эхэлсэн. Өнөөдөр үйлдвэр болтлоо өргөжин тэллээ. Энэ бол гар урлалын уран бүтээлийн ажил болохоор байнга хийх тусмаа өсөж хөгжиж байдаг онцлогтой. Энэ жил улам хөгжүүлж хүмүүст дулаан гутал хүргэх зорилгоор төрөл зүйлээ өөрчилсөн. Год өөрөө маш үнэтэй учраас годон гутал нэлээд үнэтэй гардаг. Энэ жилийн тухайд эдийн засгийн хямрал, хүмүүсийн худалдан авалт зэрэгт тулгуурлаад тал гутлын үнээр бага год оруулж, хэрэглэгчдэдээ хямд үнэтэй хүргэх зорилгоор шинээр бүтээгдэхүүн гаргасан. Дээр нь үүнийгээ хотын загвар болгож хөгжүүлсэн. Шинэ бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг ид өрнүүлж байгаа энэ үед ийм батламж гардуулж, урам өгсөнд маш их талархаж байна.

 -Шинэ загварын гутлаа танилцуулаач?

-Сүхбаатар сумын "Сэлэнгэ гутал" годон гутлын үйлдвэр "Timberland" загвартай шинэ загварын гутал үйлдвэрлэж байна. Энэ нь “SB-20 загвар. Хөлд маш эвтэйхэн, дулаан гутал. Сүхбаатар хотоос үйлдвэрлэж байгаа гэдэг утгаар “Сүхбаатар буюу SB” гэсэн юм. Шинэ загвар гаргах бүрдээ би өөрөө эхэлж өмсөөд, 2-3 жил туршдаг. “SB-20” загвараа эхлээд 2020 онд үйлдвэрлэсэн. Орчин үеийн залууст зориулаад ямар загвар хийвэл зүгээр вэ гэж ярилцаж байгаад хийсэн. Энэ загварын онцлог гэхээр 20-50 насныхан өмсөнө. Ажил хөдөлмөр эрхэж байгаа хүн ч өмсөж, хэрэглэхэд тохиромжтой.

 

-Годон гутлын үйлдвэрлэлийнхээ талаар тодруулж өгнө үү?

-Хүмүүсийн хүссэн загвараар, оросын стандартаар хийж байгаа. Загвараа өөрчилье гэж шийдээд заавал дулаан гэхгүйгээр загварлаг, төв суурин газарт ч өмсөж болох тийм шинэ гутлыг үйлдвэрлэсэн. Үүнийг өдөр тутам өмсөж болно. Гол нь дулаан байх. Энэ гутал бол “СЭЛЭНГЭД ҮЙЛДВЭРЛЭВ” суурин соёл иргэншилд байгаа иргэдэд зориулсан гэж хэлэхэд болно. Гутлын ерөнхий орцод годоос гадна арьс болон шевро, нэхий зэрэг материалыг ашиглаад, хөнгөн дулаан болж байгаа нь онцлогтой. Энэ бол үнэтэй үслэг эдлэлийн аргаар үйлдвэрлэж байгаа гутал. Иймээс маш цөөн тоогоор үйлдвэрлэдэг. Цаашид ч гэсэн ийм л журмаар чанартай, цөөхнийг үйлдвэрлээд явна.

Энэ гутал сайн чанарын каучукан ултай. Үүн дотор нөгөө зузаан эсгий оруулж өгсөн. Манайхан сайн мэднэ, маш дулаан, чанартай. Өвлийн хүйтэнд гутлын уланд цас наалдаад машинд ороход хайлдаг. Уньты буюу годон гутлын хувьд хайлсан цас эсгийндээ шингээд үүнээс болж доороосоо хайрах нөхцөл үүсдэг. Энэ нь хэдийгээр сайхан дулаахан боловч нэг сул тал нь энэ. Харин шинэ загварын каучук ултай timberland гутал бол өөр. Уландаа усыг шингээхгүй гэсэн үг. Үүгээрээ маш давуу чанартай. 

Холбоотой мэдээ