ӨВӨРХАНГАЙ: Л.Манлайбадрах: Урлаг гэдэг чинь хүнийг адгуус амьтдаас ялгаж, салгаж байдаг ид шидтэй зүйл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-01 16:39:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангайн зураач, урчуудыг нэгтгэсэн “Барт хүрээ” ТББ байгуулагдаад удаагүй ч олон томоохон үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан. Энэ удаа “Барлах урлаг” үзэсгэлэнг нээж, үзэгч олонд барын хэвлэлийн бүтээлүүдийг толилуулаад байна. “Барт хүрээ” ТББ-ын тэргүүн Л.Манлайбадрахтай ярилцлаа.

- Өвөрмөц нэртэй, цаг үеэ олсон, нийгэмд хэрэгтэй байгууллага гэж боддог.  “Бартхүрээ”-г байгуулах үеийн бодол, сэдлээсээ хуваалцаач?

- Зураач Н.Буянбадрах, Ц.Баатарцогт гээд нөхөдтэйгээ зураач, урчуудын холбоог албан ёсоор байгуулж, аймагтаа дүрслэх урлагийг хөгжүүлье гэж ярилцаад 2021 оны нэгдүгээр сард байгуулж байсан.

Нэрийн тухайд их утга учиртай. Манай Өвөрхангай аймаг, хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэнвангийн хошуу нь барлах урлагаараа алдартай байсан юм билээ. Монголын 300 гаруй сүм хийдээс Арвайнхүрээ нь модон бараар ном судар хэвлэдэг олон хэвлэх газартай байсны нэг нь Бартхүрээ юм. Урлах, барлах эрдмээрээ алдартай байсныг гэрчилж, Өндөр гэгээн Занабазараас эхлээд Цагаан Жамба, орчин цагт Д.Гүнд, Л.Дорж, С.Сэнгээ, Д.Гэлэгдандар, А.Чуваамид, А.Сэнгэцохио гэхчлэн олон гавьяат, алдартнууд төрөн гарсан байдаг.

Тиймээс энэ залгамж халааг үргэлжлүүлэх, өв соёлоо хамгаалах, түүчээлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, дүрслэх урлагийг бүх төрлөөр хөгжүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээл, уран бүтээлчийг төрүүлэх зорилгоор байгууллагаа “Бартхүрээ” гэж нэрийдсэн. Мөн Монголын урчуудын эвлэлийн Өвөрхангай аймгийн салбарыг сэргээн байгуулж, үйл ажиллагааг хамтатган авч явж байна.



- Бүрэлдэхүүнээ танилцуулах уу?

- Манайх албан ёсны 15 гишүүнтэй. Бүгд л зураач, урлаачид. “Танайд элсэж оръё” гэсэн хүмүүс нэлээдгүй байдаг. Бидний нэг зорилт бол зурах, урлах сод авьяастай хүүхдүүдийг нээн илрүүлж, анхан шатны мэдлэг боловсролыг олгож улмаар дараагийн шат, мэргэжлийн байгууллага руу хөтөлж оруулах, нэртэй уран бүтээлчийг төрүүлэх явдал юм. Энэ хүрээнд манай гурван багш Хүүхдийн ордонд сургалт явуулж байна. Хүүхдүүд ч бидний хувь урланд ирж хичээллэж байна.

- Танайх байгуулагдсанаас хойш хэд хэдэн томоохон үзэсгэлэнг нээлээ. Их сонирхолтой үйл явц харагдаад байдаг?

- Хамгийн анх “Аз жаргалын жор” гэх үзэсгэлэнг НАМЭХ-ны Өвөрхангай аймаг дахь салбар, Хас телевизтэй хамтран зохион байгуулсан. Үүнд 10 гэр бүл оролцож, эрчүүд маань анх удаа өөрийн гараар зураг зуран гэргийдээ бэлэглэсэн бол эхнэрүүд нь сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд хамрагдаж, гэр бүлээ хэрхэн аз жаргалтай байлгах талаар суралцсан. “Enjoy art” буюу зураг зурж үзээгүй хүмүүсээр уран зураг зуруулах үйл ажиллагааг нэлээн зохион байгуулдаг.

Аймгийн Соёл урлагийн газартай хамтран “Соёлын өв хөгжлийн дархлаа”, “Занабазар арт фестиваль” зэрэг томоохон үйл ажиллагаануудад зохион байгуулагчаар оролцсон. Мөн аймгийнхаа 90 жилийн ойг тохиолдуулан бие даасан анхны үзэсгэлэнг гаргасан. Үзэсгэлэнд зөвхөн Өвөрхангай аймагт ажиллаж, амьдардаг уран бүтээлчид оролцсоноороо онцлог. 1994 оноос хойш дангаараа ингэж үзэсгэлэн гаргаагүй юм билээ.

Ингээд анх байгуулагдсан жилээ том, жижиг 18 ажилд идэвхтэй оролцож, аймгийн “Соёл урлагийн шилдэг байгууллага” болж, “Алтансарнай” шагналыг авсан. 2022 онд “Мартын 8”-ыг тохиолдуулан эмэгтэйчүүдийн дотоод сэтгэлгээ, мэдрэмж, дуртай зүйлийг илэрхийлсэн сэдвээр “Урин” гэх зургийн үзэсгэлэнг гаргасан нь өргөн цар хүрээтэй болсон. Эмэгтэйчүүд маань өргөнөөр оролцож, анх удаа зураг зурж өөрийгөө илэрхийлж байсан. Мөн хэд хэдэн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурлуудад манай зураач, урлаачид оролцлоо.

11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 4 хүртэл “Барлах урлаг”-ийн үзэсгэлэнгээ нээж, манай зураачид, хувь хүмүүст хадгалагдаж байгаа, мөн Ганданпунцоглин хийд, аймгийн Музейн сан хөмрөгөөс сорчлоод төрөл бүрийн баран хэвлэлийн бүтээлийг дэлгээд байна.



- Иргэд, олон нийтийн үзэсгэлэн үзэж сонирхох, дүрслэх урлагийг ойлгох соёл, мэдрэмж хэр байна вэ?

- Үзсэн хүний хандлага эерэг байдаг. Гэхдээ зорьж очиж үзэх нь ховор байна. Урлагийн гоо сайхан, өв соёлоо мэдрээд сэтгэлийн их таашаал авч сураагүй, үнэт зүйлээсээ төөрчихсөн яваа нь мэдрэгддэг. Тоглолт гэхэд л шоу, хошин шог гээд энтертаймент тал руу нь сонирхоод байхаас сонгодог урлагийг үзэх  нь цөөн байдаг. Уг нь эрэлт хэрэгцээ байгаад байх шиг байгаа юм. Үзэх юмсан, очих юмсан гээд байдаг хэрнээ очдоггүй. Урлаг гэдэг чинь хүнийг адгуус амьтдаас ялгаж, салгаж байдаг ид шидтэй зүйл шүү дээ. Хүүхдүүд энэрэнгүй, бусдад хүндэтгэлтэй, гоо зүйн мэдрэмжтэй, амьдралдаа түүнийг ашигладаг байж сурахад нь дүрслэх урлаг ихээхэн нөлөө үзүүлнэ.

Тэгэхээр үүний ач холбогдол, сайн сайхныг мэддэг, ойлгодог хүмүүс хамтраад нийгмээ соён гэгээрүүлэхийн төлөө нэгдэж ажиллая гэж уриалмаар байна. Аймаг, орон нутгаас ч гэсэн иргэдийнхээ оюун бодол, амьдрах хэв маяг руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийгээсэй, өв соёлоо дээдэлсэн, өрх айл бүрийн амьдралд нэвтрүүлсэн, хүний сэтгэлгээ, хандлагыг өөрчилсөн бодлогыг баримталж хэрэгжүүлээсэй гэж бодож байна.



- Цаашид ямар ажил төлөвлөж байна вэ?

- Он гараад аймгийн Засаг даргын ивээл дор зураач, урлаачийн анхдугаар зөвлөгөөнийг хийхээр төлөвлөж байгаа. Сум бүрээс төлөөлөл оролцуулж, холбооныхоо тэргүүлэгчдийг сонгон, дүрэм журмыг ярилцаж, цаашдынхаа чиг хандлагыг тодорхойлоод бүх суманд үйл ажиллагаагаа өргөтгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэгдсэн мэдээллийн сантай болно. Зөвлөгөөний дараа олон томоохон кампанит ажил руу орно.

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмын дагуу дүрслэх урлагтай холбоотой төрөл бүрийн үйл ажиллагааг төрийн байгууллагатай гэрээлээд мэргэжлийн түвшинд хийх боломжууд гарч ирэх байх гэж бодож байна. Аливаа хөшөө дурсгалыг байгуулсан ч тухайн газрынх нь хэв маягийг шинждэг, орчин нөхцөлд нь зохицуулдаг гээд мэргэжлийн байгууллагын хувь нэмэр заавал байх ёстой.  

- Аймгийн зураач, урлаачдын талаар судалгаа гаргасан болов уу?

- Монголын урчуудын эвлэлээс мэргэжлийн дипломтой гишүүдийгээ урлаач, зураач гэж үздэг. Орон нутгийн хувьд арай өөр юм. Сайхан сур элддэг, эмээлийн гөлөм хийдэг, сийлбэрлэдэг, оёж хатгадаг гээд эцэг, эхээсээ, номын багшаасаа өвлөж авсан гарын уртай хүмүүс байна.

Сүүлийн үед график, дизайнеруудыг ч урлаач гэж үздэг болсон. Бид ярилцаад найман төрлөөр “энэ хүнийг урлаач гэж үзнэ” гэх тодорхойлолтыг гаргаад энэ чиглэлээр сумдаас судалгаа авч өгөх хүсэлтийг аймгийн Соёл урлагийн газарт тавьсны дагуу судалгааг хийж, дүнг нэгтгээд байна.


- “Барт хүрээ”-гийн гишүүд бүтээлээ худалдаанд гаргадаг уу?

- Ер нь бүтээл хийхэд ашиг олохоос илүү алдагдал хүлээж байдаг. Уран зургийн нэг бүтээл туурвихад зөвхөн материаллаг зардалд 100-200 мянган төгрөг гардаг. Тийм болохоор манай зураачид бүтээлээ аль болохыг зарахыг хүсдэг л дээ. Одоогийн байдлаар дуудлага худалдаанд оруулах уу, яахав ийхэв гээд эвээ сайн олоогүй л байна. Нийгэм өөрөө уран бүтээлчийн ур чадварыг үнэлж цэгнэж байж, тухайн уран бүтээл нийгмийг хөгжүүлж чадна. Гэтэл зургийг нь биш жаазыг нь авъя гээд байх сонин тохиолдлууд гарч байсан.

Гэрэл зураг ч гэсэн урлаг. Тухайн гоё агшныг хальсанд буулгана гэдэг гайхалтай урлаг мөн ч гэлээ, хэдэн хувь хэвлээд зарж болно. Гэтэл гараар зурдаг урлагийн бүтээл дахин давтагдашгүй, цор ганц л гардаг. Тэгсэн хэрнээ гэрэл зургаас муу үнэлгээтэй байна.

Цаашид бид байнгын уран зургийн галарейтэй болох мөрөөдөлтэй ч эдийн засгийн хөшүүрэг алга. Социализмын үед манай аймгийн урчуудын салбар өөрийн гэсэн байртай, урлантай, үзэсгэлэнгийн танхимтай байсан юм билээ. Харамсалтай нь, өмч хувьчлалын үед зараад үрээд дуусгасан байдаг. Аймаг, орон нутгаас бидний үйл ажиллагааг дэмжээд байраар биш юмаа гэхэд байрны урсгал зардлыг шийдээд өгвөл нэгдсэн урлантай болоод тэндээ уран бүтээлчид маань бүтээлээ туурвиж байдаг, зарж борлуулж, дуудлага худалдаанд оруулдаг, үзэсгэлэнгээ гаргаж, шинэ бүтээлүүдээ толилуулдаг гээд цогц үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм.


- Өөрөө аймгийн ерөнхий архитектур байсан хүн. Зурна, урлана, дээр нь хөгжимдөнө.

- Архитектур мэргэжлийн суурь нь зураг байдаг. Дүрслэх урлагийн тодорхой хэмжээний мэдлэг эзэмшдэг. Одоо бол өөрийнхөө хоббигоор зурж байна. Хэдэн жилийн дараа гэхэд олон сайхан бүтээл гаргачих бодолтой л явж байна даа.

Аймгийн шинэ музей ашиглалтад орж байгаатай холбогдуулаад олуулаа хамтарч томоохон бүтээл хийж байрлуулахаар хоорондоо ярилцаж байгаа. Бодсон юм их байна.

- Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Холбоотой мэдээ