ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-12-09 09:46:25

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Соёлын биет болон биет бус өвийг өвлөн тээгч, түгээн дэлгэрүүлэгчдийг үр хойч, залуусдаа таниулах, сурч мэдэх, өвлөн уламжлах тал дээр сүүлийн жилүүдэд төр, засгаас анхаарч ирсэн. Гэвч зарим ховор гэж хэлж болохуйц биет бус өвийг өвлөн тээгчид хаалганы цаана үлдэж, өөрийнх нь өвлөн уламжилж ирсэн өвийг буруу нэрлэж, түгээн дэлгэрүүлэх явцыг төдийлөн хийгээгүй тохиолдол байдаг аж.

Түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулахад хувь хүний хичээл зүтгэл, сэтгэл хэрэгтэй. Эрхэлж байсан ажил, тухайн үеийн соёлын яамныхны буруу нэршлээс үүдэн төдийлэн дэлгэрээгүй нэгэн өв, соёл нь одоогийн бидний нэрлэж заншсан “Тагнайн ташилт” юм. Үнэн учиртай тагнайн ташилт огтоос биш гэдгийг тухайн биет бус өвийг өвлөн тээгч П.Батжаргал онцолж байна. Чухамдаа 1983 онд зохион байгуулсан Ардын язгуур урлагийн анхдугаар их наадамд хөтлөгч зарлахдаа “Жалам хар”-ыг тагнайн ташлаар аялна гэснээс ийнхүү олонд тархжээ.



Тухайн үеийн бичлэг нь одоо ч хадгалагдан үлдсэн бөгөөд эх орондоо төдийгүй дэлхийн улс орнуудад сонин, содон хэмээн гайхагддаг байжээ. Өөрөөс нь сурсан нэг хүн байдаг бол харин хоёр хүү нь ааваасаа өвлөж авчээ. Шарын гол сумаас Дархан хотод ирээд буцах зуур хэсэгхэн хором хуучиллаа. Анхны урлагийн наадмаас хүрэл медаль хүртсэнээс хойш энгэртэй зүүх гоёлгүй, төрдөө үнэлүүлэх хувьгүй юм байлгүй хэмээн инээмсэглэн ярих П.Батжаргал гуай суръя, мэдье гэсэн хүн бүхэнд зааж өгөхөд бэлэн гэв.

 

-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач та?

-Намайг Петяагийн Батжаргал гэдэг. 1963 онд тухайн үеийн Налайх хотод төрсөн. Хоёр настайдаа Шарын гол суманд шилжиж ирээд одоог хүртэл сумандаа амьдарч байна.

 

-Тантай зорин ирж уулзах болсон шалтгаан нь олны дунд төдийлөн дэлгэрээгүй биет бус өвийг өвлөн тээгч гэж сонссон юм?

-Өвөөгөөсөө өвлөн авсан. Өвөө минь анх зааж өгөхдөө надад нэрийг нь хэлж байсан ч хүүхэд байсан учраас төдийлөн анзаарч тогтоож чадаагүй. Харин одоо олны дунд тагнайн ташил гээд нэршчихсэн. Үнэн хэрэгтэй тагнайн ташилт огтоос биш. Тагнай ямар ч оролцоогүй шүү дээ.


 

-Тагнай оролцоогүй юм бол яагаад ингээд нэрлэчихсэн юм бэ? Та анх хүмүүст тагнайн ташил гэж хэлээгүй юм уу?

-Яалаа гэж дээ. Тагнай огт оролцдоггүй зүйлийг тэгж нэрлэж болохгүй шүү дээ. Үнэн хэрэгтээ хэл, уруулын оролцоо юм. Доод уруул доод шүдийг хагас ороож түүнийг хэлээрээ товшиж байгаа хэрэг. Тэгэхээр тагнайн ташил биш хэл, уруулын товширго гэвэл зохилтой юм шиг санагддаг. Өвөөгийнхөө хэлсэн нэрийг тогтоож чадаагүй болохоор товширго гэж нэрлэх нь үнэнд ойрхон дөхөж, оновчтой нэрлэгдэх юм шиг санагддаг.

 

-Тэгвэл яагаад тагнайн ташил гээд хоногшсон юм бэ?

-Энэ ийм учиртай юм. 1983 онд залуухан байхад язгуур урлагийн анхдугаар их наадам гэж Улаанбаатар хотод сүртэй том үйл ажиллагаа болж байлаа. Тухайн үеийн 18 аймгийн ардын авьяастнууд цугларч өөрсдийн чаддаг бүх л төрлөөр өрсөлдөж байсан. Тухайн үед надаас зарлагч нь огт асуулгүйгээр Шарын голын П.Батжаргал “Жалам хар”-ыг тагнайн ташилаар аялна гээд зарлачихсан. Тэр цагаас хойш л тийм нэртэй болсон. Одоо ч тэр бичлэг нь алтан фондод болон надад бий.

 

-Танд нэршлийн тухайд залруулга хийх боломж, эсхүл яг тагнайн ташилт биш гэдгийг хэлэх боломж олдоогүй юу?

-Үнэндээ тэр үед залуу байсан, юмны учрыг төдийлөн тоодоггүй учраас яг тухайн мөчид тоолгүй өнгөрсөн. Тагнайн ташилт гэдэг нэр нь Монголын ард түмэн хүлээж авах тал дээрээ жаахан сул санагддаг. Учир нь тагнай ташихыг эртнээс цээрлэж ирсэн шүү дээ. Язгуур урлагийн анхдугаар наадмын дараахан соёлын яамныхан болон одоо нэрийг нь санахад хөгжим судлаач Ж.Бадраа гуайд энэ чинь тагнай ташаагүй, уруулыг хэлээрээ товшиж байгаа зүйл шүү дээ гэж хэлэх гээд чадаагүй. Үнэндээ тагнай таших муу ёр гээд нэг их сайнаар хүлээж аваагүй. Хэрвээ тэр үед зорьж очоод уулзаж ярилцаад хэлсэн бол нэршил нь өөр ч байх юм билүү. Гэхдээ сайн судлах л хэрэгтэй. Одоо улсын хэмжээнд ташлын урлагийн төрөл гээд хааяа үйл ажиллагаа зохион байгуулдаг. Надаас өөр хүн очдоггүй. 

-Олонд түгсэн нэрээрээ яриагаа үргэлжүүлье хоёулаа. Тагнайн ташлаар ямар аяыг тоглох боломжтой вэ?

-Тухайн хүний мэдрэмж л мэднэ. Миний тухайд ямар ч ая дуугаргаж чадна. Ихэвчлэн морины алхаа, хатираа зэргийг хүмүүс тоглооч гэдэг. Жалам харын аялгуу их сайхан. Олон жил ч аялж байна даа. Орос дуунуудаас Катюша их сонсголонтой байдаг.

Энэ ташлын урлагийг Н.Жанцанноров гуай их сайхан томъёолж хэлсэн байдаг. Олонд түгсэнээр ташилдах бас дандилдах гэж бий. Үүнийг “Өгүүлэхүйн эрхтний хөгжмийн зэмсэг”-үүд гэсэн байдаг.

 

-Япончууд таны бичлэгийг үзээд гайхаж, их сонирхон сонссон гэсэн?

-Нэг тийм зүйл болсон гэж хожим сонссон. 1986 онд улсын ардын дуу, бүжгийн чуулгынхныг Сэвжид агсан ахалж дэлхийн улс орнуудад тоглолт хийж байсан юм билээ. Европын орнуудаас гадна Хятад, Солонгос, Японд уран бүтээлийн тоглолт хийсэн. Тэр үед 1983 онд болсон ардын язгуур урлагийн анхдугаар их наадамд оролцсон миний бичлэгийг авч явсан гэсэн. Түүнийг зарим улсад үзүүлж сурталчилж байсан юм билээ. Гэтэл Японы тухайн үеийн соёлын салбарынхан нь л юм шиг байна лээ хэсэг хүмүүс танай морин хуур, хөөмий, уртын дууг бид мэднэ ээ, өмнө үзэж, сонсч байсан. Энэ бичлэг дээр байгаа тэр аялгуу ч гэх юмуу зүйлийг огт үзээгүй, сонсоогүй. Их өвөрмөц юм байна шүү дээ. Та бүхэн энэ авьяастнаа авч ирсэн бол их сонин, содон шинэ зүйл байх байлаа. Яагаад энэ хүнийг дагуулж ирээгүй юм бэ?  Хэрвээ авч ирсэн бол манай улсын иргэд их сонирхох байсан гэж хэлсэн гэдэг. Хожим түүний хүү С.Сүхбаатар ярьж байсан.

Тэгэхээр миний овсгоо, энэ төрлөө хөгжүүлье гэж хичээсэн бол дэлхийд гайхагдах төрөл ч болох байсан юм байна гэж одоо боддог.  Даанч ажил ажил гэж явсаар тэтгэвэртээ суусан даа.

 

-Ажил гэснээс хаана ямар ажил, хөдөлмөр эрхэлж байв?

-Би Шарын гол сумын онцгой байдлын албанд насаараа ажилласан. Галын машины жолооч байсан болохоор тэр бүр чөлөө өгдөггүй, явлаа гэж бодоход ямар нэгэн эрсдэл, гал түймэр гарах вий гэж боддог байсан. Урлаг, уран сайхан гээд дураараа орхиод явж болдоггүй байлаа шүү дээ.



 

-Та өвлөн тээгч хүн. Түүнийгээ өвлөн уламжлуулах тал дээр хэр анхаарч байна?

-Үнэндээ идэр залуу үед ажил гээд зав муутай байлаа. Би өвөөгөөсөө өвлөсөн бол надаас миний хоёр хүү өвлөсөн. Нэг хүү маань их сайн сурсан.

Авьяас хийгээд хичээл зүтгэлтэй бол хамгийн хурдандаа гурваас тав хоногт сурах боломжтой.

Дээх нь үед  алдарч хөөмийч Цэрэндаваа гэж хүн ихэд сонирхон  заалгаж сурсан. Цаашид дэлгэрүүлж, хөгжүүлсэн эсэхийг сайн мэдэхгүй байна.

Саяхнаас сумынхаа соёлын төвийн дэргэд дугуйлан хичээллүүлэхээр эрхлэгчтэй ярьж тохирсон. Удахгүй эхлүүлэх байх. Нэг ч гэсэн хүн сурч байвал сайн. Биет бус өв гэдэг утгаараа надтай хамт хорвоогоос яваад өгнө. Хүн гэдэг чинь мөнх биш шүү дээ.


 

-Өнгөрсөн наймдугаар сард болсон “Нүүдэлчин Монгол-2022” наадамд оролцсон сэтгэгдлээ хуваалцаач та?

-Тэр үнэхээр сайхан наадам болсон. Миний Монголын соёл ямар агуу юм бэ гэдгийг мэдэрсэн, бас гайхсан, бахархсан. 21 аймгийнхан өөрсдийн онцлог, сонин содон бүхий л зүйлээ дэлгэн харуулсан. Нэг өдрийн дотор бүрэн танилцаж үзэж, сонирхож барамгүй. Сэтгэлээ зориулж 2-3 өдөр зарцуулмаар сайхан наадам болсон. Биет бус өвийн гайхамшгийг биширсэн. Тэр үед өөрийгөө биет бус өвийг тээгч гэдгээрээ жаахан бахархаж л байлаа. 



 

-Ингэхэд та ямар шагналаар шагнуулж байв?

-Ардын язгуур урлагийн анхдугаар их наадмын хүрэл медальтай. Өөр ардын хувьсгалын медаль, онцгой байдалд ажиллаж байсан болохоор ажлын шугамаар авч байсан шагналууд бий.

 

-Ардын авьяастан, МУСТА зэрэг шагналаар шагнуулж байгаагүй юу?

-Үгүй ээ. Надаас жаахан хол л юм шиг байна лээ. Миний ч хичээл зүтгэл, үүнийгээ айхтар хөгжүүлээгүйгээс ч болсон байх. "Нүүдэлчин Монгол" наадамд оролцохын өмнө таныг Ардын авьяастанд тодорхойлно гээд анкет бөглүүлсэн. Сураг чимээ алга л байна. 



 

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Өвөөгөөсөө уламжилж ирсэн ховор сайхан соёлыг олон хүнд өвлүүлж үлдээгээрэй гэж танаас хүсье. 

-Баярлалаа. Тагнайн ташил гэж буруу нэршлийг зөвөөр ойлгуулж нийгэмд эерэг хандлагыг төрүүлж олон хүн сураасай гэж бодож явдаг. Энэ бүхнийг минь мэдэрч ярилцсанд талархлаа илэрхийлье. Соёлын салбарынхан албан ёсоор нэршлээ сольчихвол сурах хүмүүс ч нэмэгдэх юм билүү. Тагнай таших муу ёр гээд сурдаггүй байж мэднэ нэршлээс нь болоод. Үнэндээ тагнай огт хамааралгүй гэдгийг дахин хэлье.


 

 

 

Холбоотой мэдээ