ЧУУЛГАН: Агаарын тээврийн үнэ, тариф буурах хүлээлттэй байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
btlnmn@yahoo.com
2022-12-02 16:13:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.


Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авсан нь дууссан тул ийнхүү хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн баталснаар агаарын тээврийн үнэ, тариф буурч, бензин шатахууны үнэ хямдарна гэсэн хүлээлттэй байгаа гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод, хуулийг нухацтай хэлэлцэн баталж, хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийг хохироохгүй байхад онцгой анхаарч ажиллахыг сануулсан.


Дараа нь Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 21-нд өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг цэгцэлснээр ард иргэд, бизнес эрхлэгчдийг чирэгдүүлдэг, авлига, хээл хахууль авч хүнд суртал бий болгодог гаж тогтолцоог хална гэж үзээд дэмжиж байгаа. Зөвшөөрлийн системийг цахимд шилжүүлсэн зэрэг дэвшилтэй талууд байгаа ч хуулиас гадуур журам боловсруулж чирэгдүүлдэг явдал зарим салбарт байсаар байна. Тухайлбал, Автотээврийн үндэсний төв улс хооронд тээвэр хийх, ногоон бичиг олгох, шинээр компани байгуулах зөвшөөрлийг олгохдоо олон шаардлага тавьсан журам мөрдөж, бизнес эрхлэгчдийг дарамтлан бусдын боломжийг хаасаар байна. Үүнийг хэрхэн засахаар төсөлд тусгасан бэ хэмээн асуусан.


ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх зорилгоор боловсруулсан 89 хууль, тогтоолын хүрээнд нийтдээ 45 салбарт журам батлан мөрдүүлж байсныг хуулиар зохицуулахаар тусгаж, журам батлах эрхийг хассан. Журмаар зохицуулж байсан процессын шинжтэй харилцааг хуулиар зохицуулах эсвэл стандарт мөрдөнө гэсэн агуулгыг дээрх хуулийн төслүүдэд тусгасан. Мөн Зөвшөөрлийн тухай хууль баталсантай холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоолоор зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан аж. Энэхүү тогтоолын хүрээнд Засгийн газраас журамласан хэм хэмжээний актуудаа хүчингүй болгож, ХЗДХЯ-нд хандан улсын бүртгэлээс хасуул гэсэн үүрэг даалгаврыг холбогдох сайдуудад өгчээ. Өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдвал ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн дээр дурдсан журмууд хүчингүй болно гэлээ.


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ