ӨМНӨГОВЬ: Сувилагчдыг орон нутагтаа чадавхжуулж, сурган бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-07 08:56:03

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд сувилагч мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байгаа юм. Үндэсний статистикийн хорооны 2021 оны судалгаагаар нэг сувилагчид ногдох хүний тоо улсын дунджаар 244 байгаа бол Өмнөговь аймагт 375 буюу улсдаа тэргүүн эгнээнд орж байгаа тоон мэдээлэл гарчээ.  

 

Аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар 250 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажил үүргээ гүйцэтгэж байна. Сувилагч мэргэжилтний хүний нөөц дутагдалтай байгаа энэ цаг үед Өмнөговь аймгийн удирдлага, эрүүл мэндийн мэргэжилтнүүд бодлогын түвшинд арга хэмжээ авч, орон нутагтаа сувилагчдыг бэлтгэж эхлээд байгаа.

 

Аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газрын хамтын ажиллагааны гэрээний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд орон нутагт Сувилахуйн салбар сургуулийн тусгай шалгуурын шаталсан бакалаврын хөтөлбөр, ажлын байранд сувилагч мэргэжлийг эзэмшүүлэх сургалт танхимаар болон цахимаар амжилттай зохион байгуулж байна.


Тус сургуульд одоогоор 10 суралцагчид орон нутагтаа, зардал багатайгаар сувилахуйн шинжлэх ухааны онолын мэдлэг, дадлагажих хөтөлбөрөөр мэргэжлийн ур чадваруудыг эзэмшиж байгаа юм. Сувилагчаар суралцагчид сурлагын голч дүнгийн болзолт шалгуур үзүүлэлтийг хангаж, амжилттай суралцсан тохиолдолд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжуудыг олгож байна. 

Холбоотой мэдээ