ТӨВ: Шилдэг Старт-Ап залуучууд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-12-07 09:02:39

Төв /МОНЦАМЭ/ Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн шилдэг Старт-ап залуучуудыг шалгаруулж санхүүгийн дэмжлэг олгох 2 дахь шатны шалгаруулалт болов.

Тус үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт зохион байгуулсан байна. Нийт 20 багийн 70 гаруй залуус оролцсоноос Гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөрийн явцад өөрийн хүсэлтээр багууд хасагдаж, эцсийн шатанд 3 баг өрсөлджээ. 


Үүнд Төв аймгийн Баянцагаан сумын О.Жамбалцэрэн ахлагчтай “Гэгээ халуун ус, угаалга” баг халуун ус, үйлчилгээний чиглэлийн төсөл танилцуулсан бол Зуунмод сумын Т. Иш ахлагчтай “Mind tour” баг аялал жуулчлал хөгжүүлэх төсөл мөн тус сумын Ж.Түмэнбилэг ахлагчтай Төв Түмэн Фүүдс баг хүнс үйлдвэрлэл буюу утсан махны төслүүд оролцсон байна.


Эдгээрээс Төв Түмэн Фүүдс баг шалгарч эргэн төлөгдөхгүйгээр 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авахаар болжээ. Энэхүү төсөл нь 2022 оны 9 дүгээр сараас эхлэн Зуунмод суманд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн байна. Үйлдвэрлэлийн өнөөгийн хүчин чадал нь өдөрт 200 кг мах утах хүчин чадалтайгаас өнөөдрийн байдлаар 30 хувийг ашиглаж байна. Эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлснээр утсан махаар тогтохгүй дүпү, загас, сало өөх, хиам, торой, ууц, өвчүү зэргийг утах төрлөө нэмэгдүүлэх бүрэн боломжтой болох бөгөөд одоогоор 4 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа цаашлаад шинээр 4 ажлын байр нэмэгдүүлэх боломжтой гэдгийг онцолжээ.



Харин шалгаруулалтын шүүгчид энэхүү төсөл нь аймаг орон нутагт төдийлөн их байдаггүй, бизнесийнхээ эхлэлийг гүйцэтгэчихсэн, ажлын байрыг нэмэгдүүлж буйгаараа онцлог хэмээн дүгнэн шалгаруулжээ.   

Холбоотой мэдээ