БАЯНХОНГОР: Амьтны байршил бүхий газруудад өвс, хужир байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-07 11:10:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн зарим сумын нутгаар цас их орж өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Өлзийт сум уулын туруутан амьтдад биотехникийн арга хэмжээ авчээ. Энэ хүрээнд амьтдын байршил бүхий газруудад өвс, хужир байршуулан идэш тэжээлийн хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүллээ.


Тус сум нь туруутан амьтдад биотехникийн арга хэмжээ авч ажиллахаар 1000 боодол өвсний нөөц бүрдүүлжээ. БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн Б.Наранбаатар, мэргэжилтнүүд, жолооч, Өлзийт сумын Байгаль орчин хамгаалах улсын байцаагч Т.Мөнхжаргал, Байгаль хамгаалагч Ж.Машбат, Г.Идэрмөнх, Баянхонгор сумын байгаль хамгаалагч нар, Агнуурын бүс нутаг хариуцсан нөхөрлөлийн ахлагч, гишүүд, иргэд хамтран идэш тэжээл тавих үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Өлзийт нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг холбогдох хууль, журмын дагуу зарцуулж, хуулийн хэрэгжилтийг 100 хувь биелүүлэн ажилладаг сумдын нэг.


Сонирхуулахад, тус суманд ховор ан амьтдаас аргаль, янгир, буга, шилүүс, суусар, нохой зээх, дорго, саарал чоно, шар үнэг, тарвага, чандага зэрэг нь элбэг байх ба нутгийн баруун хэсэгт цагаан зээр, хар сүүлт тохиолдох нь бий.

Холбоотой мэдээ