КАТАР-2022: ДАШТ-ийг үзэхээр 765 мянга гаруй жуулчин иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ДОХА. /Reuters/. Катарт хөл бөмбөгийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэлсэн эхний хоёр долоо хоногийн
хугацаанд 765 мянга гаруй жуулчин ирсэн талаар “Reuters” агентлаг зохион байгуулагчдын тайланг эш
татан мэдээлжээ.
Энэ нь нэг сар
орчмын турш үргэлжлэх тэмцээний үеэр 1.2 сая жуулчин хүлээн авна гэж урьдчилан
тооцоолж байсантай харьцуулахад сул үзүүлэлт болж байна.
11 дүгээр сарын
20-ны өдөр эхэлсэн ДАШТ-ий хүрээнд болох 64 тоглолтоос өдгөө ердөө найман
тоглолт үлдэж, Доха хотноо найман улсын шигшээ баг шигшигдэн үлдээд байгаа тул жуулчдын
тоо цаашид олноор нэмэгдэх магадлал бага байна.
Зохион байгуулагчдын
хувьд 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд буюу өдөрт дөрвөн тоглолт явагдаж байх
үед гадаадын жуулчдын тоо оргил үедээ хүрнэ хэмээн урьдчилан тооцоолж байжээ.
ДАШТ-ийг зохион
байгуулж буй хорооны 12 дугаар сарын 7-ны тайланд дурдсанаар, тэмцээн эхэлсэн
эхний 17 хоногт Катарт 765 859 жуулчин ирсний тэн хагасаас илүү хувь нь нутаг
буцсан байна.
Мөн хугацаанд
Катарын найман цэнгэлдэх хүрээлэнд 3.09 сая тасалбар худалдаалагдсан гэдгийг тайланд тэмдэглэжээ. ДАШТ 12 дугаар сарын 18-ны өдөр өндөрлөх юм.
Нэрээ нууцлахыг
хүссэн Катарын нэгэн төлөөлөгч эдгээр тоон мэдээллийг баталжээ. Харин зохион
байгуулах хороо энэ талаар тодруулах “Reuters” агентлагийн хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй
байна.