БАЯНХОНГОР: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлүүд хувиараа үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-08 14:28:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг эхчүүдийн уулзалт зөвлөгөөнийг "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төв” ТББ-аас холбогдох албадтай хамтран  зохион байгууллаа.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдаар дамжуулан тэдний эрхийг хамгаалах, үйл ажиллагааг дэмжих зорилготой тус уулзалтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 210 гэр бүл оролцсон байна.


Уулзалт зөвлөгөөнд сум тус бүрээс таван эцэг эхийг хамруулан, мэдээлэл өгч, санал бодлыг сонссон бол мөн үеэр тэдний гараар урласан бүтээлүүдийг дэлгэн тавьж сурталчилсан юм. Чуулганд оролцогчдын дийлэнх нь гэртээ хүүхдээ харахын хажуугаар дээл хувцас, эсгий урлалаар ширмэл, бэлэг дурсгал, ахуйн хэрэглээний зүйлс урлаж өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг байна. Тэд хүүхдүүдээ асарч, сургахын зэрэгцээ аливаа дэмжлэгт хамрагдаж өсч хөгжих, амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэл сонирхолтой байдаг учир хөдөлмөрлөх орчин нөхцөлийг сайжруулж, дэмжиж туслахыг аймгийн удирдлагуудаас хүсч байлаа.



Ташрамд дуулгахад, Баянхонгор аймаг Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрхийг хангах, тэдний эрүүл мэндийг нөхөн сэргээх, засан сайжруулах, чадамжид нь тулгуурлан хөгжүүлэх, боловсрол олгохоор "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэгдсэн  төв"-тэй болоод 20 жил болж байна. Тус төвд хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд 2900 гаруй /давхардсан тоогоор/ хүүхдийг хамруулж 70 хувь нь сайжирч, 269 хүүхэд СӨБ, ЕБС, МСҮТ-д холбон зуучилжээ.

Холбоотой мэдээ