Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-09 11:01:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдсантай холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр “Төрийн нууцад хамааралтай “Эрдэнэс тавантолгой” төсөлтэй холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар боллоо. Ингэснээр нэгдүгээрт, УИХ-ын түвшинд байгуулагдсан нүүрсний хэргийг илрүүлэх явцад дэмжлэг үзүүлэх түр хороонд гэрээний эхийг шилжүүлж, хоёрдугаарт авлига, албан тушаалын гэмт хэрэг үүссэн эсэхийг нягтлуулахаар АТГ-т хүргүүлнэ. Нууцаас гаргаж буй гэрээнд, Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл, Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэгдүүлэх төсөл, Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой хүртэлх ус хангамжийн хоолойн төсөл, "Богд хаан" төмөр замын суурь бүтэц барих төсөл, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төсөл, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажил зэрэг төслүүдтэй холбоотой 9 гэрээ багтсан. Эдгээр төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Цаашид энэ мэт томоохон бүтээн байгуулалттай холбоотой төслүүд дээр Монгол Улсын Засгийн газар нэг ч нууц гэрээг батлахгүй.


Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нүүрсний асуудалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувиар бодит мэдээллийг өгч байхыг үүрэг болгосон. Үүний зэрэгцээ Ковид-19 цар тахлын үеийн төсвийн мэдээллийг олон нийтэд ил болгохоор тогтлоо” гэв.

Холбоотой мэдээ