АТГ: Нүүрсний асуудалд холбогдогсод гадаадад хөрөнгөө байршуулсан гэх мэдээллийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар Нийслэлийн прокурорын хяналттай мөрдөн шалгах ажиллагааг нүүрсний асуудалтай холбогдуулан явуулж байна гэж АТГ-ын дэд дарга Г.Азжаргал өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэх үеэрээ хэллээ.
Тэрбээр “Хууль хяналтын байгууллагууд нүүрсний асуудалтай холбоотойгоор таван үндсэн чиглэлээр хяналт шалгалтыг явуулж байна. Нэгдүгээрт, нүүрсийг бүртгэлгүйгээр олборлон хилээр нэвтрүүлсэн, хоёрдугаарт гэрээ, гуравдугаарт уртын болон богинын тээвэрлэлт, тээвэрлэлтэд яваа тээврийн хэрэгслийн өмчлөгч хэн болохыг тогтоох зэрэг чиглэлүүд дээр ажиллаж байна.
Одоогийн байдлаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай холбоотой хэрэг маргааныг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ хүрээнд 8 хүнийг баривчилж, түүнээс зургааг нь цагдан хорих саналтай байгаагаа прокурорын байгууллагаас шүүхэд хандсан. Ингэхдээ бусдаас хээл хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зүйл заалтаар шалгаж буй. Хэвлэл мэдээллээр бичигдээд байгаа “Гадны улс оронд хөрөнгөө байршуулсан байна” гэх мэдээллийг мөн шалгаж байна. Хууль бусаар хилээр гадагш гаргасан хөрөнгийг тогтоох тал дээр өмнө нь асуудал үүсдэг байсан. Одоо бол эрх зүйн харилцан туслах гэрээний дагуу харилцах юм уу гэрээ байгуулаагүй тохиолдолд НҮБ-ын Авлигын эсрэг концвенцэд нэгдсэн тул асуудал үүсэхгүй” гэлээ.