Ян Хаун: Монгол Улс IT-ийн салбарт ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-12 13:03:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийг илүү идэвхтэй, хүртээмжтэй болгох нь” бага хурлыг Дэлхийн банкнаас ХНХЯ, ЭЗХЯ-тай хамтран өнөөдөр “Туушин” зочид буудалд зохион байгуулллаа. Бага хурлаар Дэлхийн банкнаас хөдөлмөрийн зах зээлийн талаар хийсэн дүн шинжилгээ бүх судалгааны тайланг танилцуулав.


Мөн “Ажлын байр нэмэгдүүлэхэд хөдөлмөрийн эрэлт болон нийлүүлэлтэд учирч буй саад бэрхшээлийг даван туулах нь” хэлэлцүүлэг өрнүүллээ. Хурлын гол илтгэлийг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Ян Хуан тавьсан юм.


Тэрбээр, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийг илүү идэвхтэй, хүртээмжтэй болгох нь” судалгааг Монгол Улсын Засгийн газартай сүүлийн 2 жил явуулсан. Судалгаа хөдөлмөрийн зах зээлд олон талын дүн шинжилгээ хийснээр өргөн хүрээг хамарч, салбар дундын цогц судалгаа болсон хэмээн хэлэв.


“Сүүлийн 25 жил Монголд хөдөлмөрийн зах зээл илүү тэлсэн. Тийм боловч чанартай, өндөр цалинтай ажлын байр бий болгох хэрэгцээ, шаардлага байгаа”-г тэрбээр онцоллоо. Ажиллах хүчийг аль салбарт илүү төвлөрүүлэн дэмжих боломжтой байна гэсэн асуултад, энд үйлчилгээний салбарыг илүү онцолж, тухайлбал мэдээллийн технологийн салбарыг цохин хэлж байна.


Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд эрэлтэд нийцсэн ур чадварыг бий болгох шаардлага байна.


IT-ийн салбар нь худалдаа, үйлчилгээтэй уялдуулаад ажилгүй байгаа залуучуудыг дэлхийн зах зээл гаргах, бусад улс хоорондын хил дамнасан худалдаа, үйлчилгээг идэвхжүүлэхэд залуучуудын оролцоог хангахад боломжтой харагдаж байна гэв. Мөн Засгийн газраас хөдөө аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэхэд бодлогын зорилтуудыг дэвшүүлж энэ чиглэлд ажиллаж буйг онцоллоо.


Дэлхийн банк Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээний тайланг гаргахдаа ХАА-н салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх стимуляц буюу өдөөгч хүчин зүйлүүдийг гарган хийжээ.


Манай улсын хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэлт нь эрэлтээ хангахгүй байгаа байдлын талаар судалгаагаар ямар үр дүн гарсныг тодруулахад, Ийм байдал байгаа. Энд ажил олгогч нараас тавьж буй ур чадварын шаардлагыг нийлүүлэгч тал хангахгүй байна гэв. Тиймээс энд сургалтын чанар, хөтөлбөрийн агуулгыг сайжруулах замаар эрэлтийг хангахыг тэрбээр зөвлөлөө.


Мөн эрэлт талаас буюу ажил олгогч нарын зүгээс ч тэр ажиллагч нарын хүлээлтэд нийцсэн цалин сайтай, мэргэжлийн ажлын байрыг бий болгоход анхаарах хэрэгтэй байгаа нь судалгаагаар гарсныг хэллээ. Энд Засгийн газраас ажлын байр болон ажил хайгчдын хооронд дахь мэдээллийн урсгалыг сайжруулах замаар зуучлалын үүргийг гүйцэтгэж илүү оролцоог ханган ажиллах нь зүйтэй байна гэсэн дүн судалгаагаар гарч байна гэв.


Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийг бүрэн тодорхой болгох шаардлага байгаатай санал нийлж буйгаа ХНХ-ын дэд сайд С.Зулпхар өнөөдрийн хуралд илэрхийлсэн юм. Хөдөлмөрийн зах зээлд цахим талбарыг бий болгон мэдээллийн урсгалыг сайжруулах талаар ажиллаж буйг тэрбээр танилцууллаа. "Энэ бол хөдөлмөрийн зах зээлийг сайжруулах эхний нэг алхам, Цаашдаа судалгааны статистик мэдээллийг нарийвчилсан байдлаар, салбарын мэдээллийн уялдааг ханган хөдөлмөрийн зах зээлийн оновчтой удирдана" гэв.


“Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийг илүү идэвхтэй, хүртээмжтэй болгох нь” бага хуралд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв, МУИС-ийн Эдийн засгийн тэнхим, Боловсролын хөгжлийн академи, БНСУ-ын Хөгжлийн институт, АНУ-ын Харвардын Их сургууль, Канад улсын Оттавагийн Их сургуулийн төлөөлөл оролцлоо.   

Холбоотой мэдээ