Ираныг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн комиссоос хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-12-15 10:06:50

НЬЮ-ЙОРК. /DW/. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл Иран улсыг охид, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн хэмээн үзэж, Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссоос хасах асуудлаар лхагва гарагт санал хураалт явуулжээ.


АНУ-ын санал болгосон тогтоолын төслийг батлах эсэх талаарх санал хураалтад 29 гишүүн дэмжсэн санал өгсөн бол 8 гишүүн эсрэг санал өгч, 16 гишүүн түдгэлзсэн байна.


Харин Ираны гол холбоотон ОХУ санал хураалтын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд, Эдийн засаг, нийгмийн зөвлөл Техраныг комиссоос хасах нь хууль ёсны эсэх талаар НҮБ-ын хуулийн мэргэжилтнүүдээс дүгнэлт гаргахыг хүсжээ.


Тогтоолд Иранд энэ оны есдүгээр сараас хойш “эмэгтэйчүүд, охидын хүний эрхийг зөрчсөн” арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаад “ихээхэн санаа зовниж” байгаагаа илэрхийлсэн байна.


Мөн тайван жагсаалд оролцож буй хүмүүс, түүний дотор охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүч хэрэглэсний улмаас хүний амь нас эрсэдсэн явдал гарсныг зэмлэн буруушаагаад, Техраны бодлого Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын чиг үүрэгтэй “илэрхий” зөрчилдөж байна гэж үзжээ.


Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 45 гишүүнийг Эдийн засаг, нийгмийн зөвлөл дөрвөн жилийн хугацаатайгаар сонгодог бөгөөд лхагва гаргийн санал хураалтаар Ираныг 2022-2026 он хүртэл бүрэн эрхийн үлдсэн хугацаанд нь хасахаар шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ